sonin.mn

МЕХИКО. /RIA Novosti/. Албан газрууд, үйлдвэрүүдийн эрчим хүчний хэрэглээг буруулахын тулд Венесуэлийн албан хаагчид долоо хоногийн даваа, мягмар гарагт буюу ердөө 2 өдөр ажиллахаар болсон тухай тус улсын дэд ерөнхийлөгч Аристобуло Иструс мэдээллээ.

Венесуэлийн эрх баригчид өмнө нь баасан гарагийг амралтын өдөр болгож, цахилгаан эрчим хүчний хэрэглээнд хязгаарлалт тогтоосон юм. Мөн цагийг хагас цагаар урагшлуулсан билээ. Энэ бүхэн нь эрчим хүчний хямралыг даван туулах зорилготой ажээ.

“Төрийн байгууллагынхны хувьд баасан гарагаас гадна лхагва, пүрэв гарагийг амралтын өдөр болголоо. Бага, дунд, анхан шатны боловсрол олгох сургуулиудын хувьд ч мөн адил” гэж Аристобуло Иструс мэдээлжээ.

Үүний зэрэгцээ, "Эль-Гури" усан цахилгаан станцын дэргэдэх томоохон усан сангийн усны түвшин түүхэнд урьд өмнө байгаагүйгээр унасан байна. Венесуэлийн Эрчим хүчний сайд Луис Мотта Домингессын мэдээлснээр, усан сангийн усны түвшин одоо 241.6 метр байгаа аж. Үүнээс өмнө 2003 онд тус сангийн усны түвшин 244 метрт хүрч доошилж байжээ. Усан сангийн усны түвшин ингэж доошлох болсны шалтгааныг тус улсын эрх баригчид “Эль-Нино” үзэгдлийн нөлөө гэж үзэж байгаа аж.

Сүүлийн жилүүдэд Венесуэлд эрчим хүчний томоохон хязгаарлалтыг халууны улиралд олонтоо хийх болсон байна. Тус улсад Ерөнхийлөгч Уго Чавесын үед цахилгаан станцуудыг улсын мэдэлд авчээ.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг