sonin.mn

ПРАЯА. /UPI/. Африкийн эрэг орчмын арлын улс болох Кабо Верде-гийн нэгэн цэргийн хуаранд мягмар гарагт 11 хүний цогцос олдсон тухай тус улсын эрх баригчид мэдэгдэв.

Цогцсууд Кабо Верде-гийн нийслэл хот болох Праяагийн хойд хэсэгт байсан гэж албаныхан дурдлаа. Сантьяго аралд байрлах Монте Чота цэргийн баазад буудалцаан болсон байна.

11 цогцосны 8 нь Кабо Верде-гийн цэргүүдийнх байсан ба нөгөө гурав нь энгийн иргэд байжээ. Тэдний 2 нь испани гаралтай иргэд байсан хэмээн “BBC” агентлаг мэдээлжээ. 3 дахь иргэн нь Кабо Верде-гийн оршин суугч байсан байж магадгүй аж.

Мөрдөн байцаагчдын хэлж байгаагаар, уур бухимдалд автсан нэгэн цэрэг энэ хэргийг үйлдсэн байж магадгүй бөгөөд түүнийг эрэн сурвалжилж байна.

Хэрэг гарсан газрын ойролцоогоос автомашин олдсон бөгөөд түүн дотор хэд хэдэн байлдааны буу, сум байсан тухай цагдаа нар ярилаа.

Кабо Верде бол кокаин хууль бусаар хил нэвтрүүлдэг мафийнхны дамжин өнгөрдөг цэг учраас энэ буудалцаан нь хар тамхитай холбоотой байж магадгүй гэж үзэж байгаа ажээ

Харин Засгийн газрын төлөөлөгч Пауло Рока уг таамгийг үгүйсгээд "энэ халдлага нь хувийн өс хонзонгийн сэдэлтэй байж магадгүй" гэв. 

Түүнээс гадна, буудалцаан нь төрийн эргэлт хийх гэсэн оролдлого байж болзошгүй хэмээн үзэж байгааг албаны хүмүүс үгүйсгэсэн байна. Долоохон хоногийн өмнө Кабо Верде-д шинэ засаг тогтсон билээ.

Цэргүүд болон Испани улсын иргэд бүс нутаг дахь харилцаа холбооны төвийг  хамгаалж, тэнд засвар хийж байжээ. 

Кабо Верде нь Африкийн баруун эргээс ойролцоогоор 350 бээр орчмын зайд орших 500 мянга орчим хүн амтай улс юм.

Х.Сарнай

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг