sonin.mn

МОСКВА. /TASS/. Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Одесса хотын олон нийтийн хэв журмыг сахиулах үүднээс тус хот руу цагдаагийн ажилтнууд илгээх зарлиг гаргалаа. Тэрбээр Одесса мужийн захирагч Михаил Саакашвилийн хүсэлтийн дагуу ийм шийдвэр гаргасан байна.

Ерөнхийлөгч Петр Порошенко Одесса хотын олон нийтийн хэв журмыг сахиулах зорилгоор тус хот руу цагдаагийн 1000 ажилтан илгээхийг Украины Цагдаагийн газрын дарга болон Үндэсний гвардын тэргүүнд даалгасан тухай Саакашвили фэйсбүүк хуудсандаа бичжээ.

Мягмар гарагийн өглөө Саакашвили Украин улс хуваагдаж байгаа тухай Порошенкод анхааруулаад, Үндэсний гвардийн бие бүрэлдэхүүнийг Одесса муж руу илгээхийг эрх баригчдад уриалсан байна.

Саакашвилиг мэдэгдэл хийхээс өмнө Одесса хотын зөвлөлийн байшингийн гадаа хотын дарга Геннадий Трухановыг огцрохыг шаардаж байсан идэвхтнүүд рүү үл мэдэгдэх этгээдүүд халдаж, эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. Цагдаагийн ажилтнууд эмх замбараагүй байдлыг намжааж, таван хүнийг танхайн хэргээр баривчилжээ.

Саакашвили мэдэгдэхдээ "Украины аюулгүй байдлын албаныхны үйл ажиллагаа хангалтгүй байгаагийн улмаас уг хэрэг гарсан бөгөөд тус албаны ажилтнууд намайг болон бусад хүмүүсийн эсрэг мэдээлэл цуглуулж, шинэчлэгчдийн багийг гутаахаар оролдож байна" гэж буруушаав.

Д.Нямтулга

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг