sonin.mn

Дэлхийн зах зээлд ашигт малтмалын түүхий эдийн үнэ унаснаар уул уурхайн салбарт тулгуурлан хөгжиж байсан Монгол Улсын эдийн засаг хүндрэлд учирсан талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Шамшад Ахтар өнөөдөр болсон “Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын 2014-2024 онд хэрэгжүүлэх Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах Үндэсний семинар”-т ирүүлсэн илгээлтдээ дурьджээ.

Далайд гарцгүй нийт 32 орон байдаг бөгөөд эдгээр улс нь нийгэм, эдийн засгийн хөгжил харьцангуй сул байдаг аж. Тиймээс дээрх улс 10 жилд нэг удаа хуралдаж, нийгэм эдийн засгаа хөгжүүлэх хөтөлбөр боловсруулдаг байна. 2013 онд болсон ээлжит хуралдаанаар “ДГХБО-уудын 2014-2024 онд хэрэгжүүлэх Венийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг баталжээ.

Далайд гарцгүй орнуудын хувьд дэд бүтэц хөгжөөгүйн улмаас бүтээгдэхүүнээ экспортод гаргахад санхүүгийн бэрхшээл тулгардаг байна. Тиймээс цөөн нэр төрлийн тэр дундаа ашигт малтмалын түүхий эд экспортод гаргадаг аж. Энэ нь дэлхийн нийт экспортын 2-3 хувийг бүрдүүлдэг байна. Тиймээс Венийн үйл ажиллагааны хөтөлбөрт транзит тээвэр, дэд бүтцийг хөгжүүлэх, Олон улсын худалдааг хөнгөвчлөх, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн бүтцийг оновчтой тодорхойлох зэрэг зорилт тусгасан байна.

Өнөөдрөөс эхлэн хоёр хоног үргэлжлэх Үндэсний семинараар Монгол Улс Венийн хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгээ хэлэлцэх болно. Семинар хаасны дараа үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” хэмээн ДГХБО-нуудын Олон улсын судалгааны төвийн захирал Э.Одбаяр хэллээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2015 онд 17 заалт бүхий “Тогтвортой хөгжлийн зорилт-ыг баталсан. Уг зорилтод ядуурлыг бууруулах, иргэдийн амьдралын түвшинг сайжруулах зэрэг олон зорилт тусгасан байна. Монгол Улс 2008 онд Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Хөгжлийн баримт бичиг боловсруулсан. Уг баримт бичиг нь 2021 он хүртэл үргэлжлэх бөгөөд эхний шатанд эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх заалтууд оржээ. Далайд гарцгүй улс эдийн засгаа олон тулгууртайгаар хөгжүүлэх хэрэгтэй. Тун удахгүй УИХ-ын сонгууль болж, шинэ Засгийн газар байгуулагдана. Шинэ Засгийн газар “Тогтвортой хөгжлийн зорилт” болон ДГХБО-уудын 2014-2024 онд хэрэгжүүлэх Венийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан заалтуудыг үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгах нь нийгэм, эдийн засгаа хөгжүүлэхэд томоохон түлхэц болно гэдгийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Шамшад Ахтар онцолсон байна.

Тэрбээр, “Монгол Улс нийгэм, эдийн засгийн салбарын олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулж, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Мөн бүс нутгийн аливаа ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Тиймээс Тогтвортой хөгжлийн зорилт болон Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дөхөм байх болно” хэмээжээ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг