sonin.mn

Орос улсын шинээр барьсан Восточный сансрын буудлаас анхны пуужин хөөрөхөд 1,5 минут  үлдээд байтал асаах автомат төхөөрөмжинд саатал гарсан тухай тус улсын Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилж байна. Иймд “Союз-2-1а” пуужинг хөөргөх ажиллагаа түр хугацаагаар хойшлогдоод  байна.

Орос улсын “Роскосмос” төрийн корпорацын нэгдүгээр орлогч Андрей Иванов сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ, Уг саатал “ Восточный” сансрын буудлын дэд бүтэцтэй ямар ч холбоогүй, тодорхой бус эвдэрэл гарсан тул, үүний учир шалтгааныг олж, засч залруулах шаардлагатай байна” гэв.

Тэрбээр одоогоор ямар нэгэн дүгнэлт хийх эрт байгаа бөгөөд комиссын дүгнэлт нэг цагийн дараа гарна" гэлээ. Нөгөөтэйгүүр, “Восточный” сансрын буудлаас пуужин хөөргөх нөөцийн хугацаа урьдын адил 4-р сарын 28 –ны 05:01/моск.цаг/ хэвээр байгаа юм.

Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин  2007 оны 11-р сарын 6 –ны өдөр Амарын мужид сансрын шинэ буудал байгуулах тухай зарлиг гаргасан билээ. Сансрын буудлын нийт талбай 700 метр квадрат. Засаг захиргааны төв нь Циолковский хот. Энэ нь Орос улсын үндэсний анхны иргэний зориулалтын сансрын  буудал байх юм. Өнөөг  хүртэл Орос улс  Казахстаны Байконур дахь сансрын буудлаас нисгэгчтэй сансрын хөлгүүдийг хөөргөж буй юм.  Восточный сансрын буудал нь өмнөд өргөрөгтэй  ойр  дөт бөгөөд сансрын төхөөрөмжүүдийг тойргийн замд гаргахад илүү тохиромжтой болон  Алс-Дорнодын бүс нутагт өндөр технологитой аж үйлдвэрийг хөгжүүлэхэд боловсон хүчний  чадавхийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.  

Москва хот. А.Огторгуймаа

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг