sonin.mn

Монголын тэшүүрийн холбоо /МТХ/-ны ээлжит бус хурлыг зохион байгуулах хороо ЗБХ, ажлын хэсгээс  холбооны ээлжит бус хурлыг энэ сарын 28-нд хийхээр тов гаргаж, гишүүддээ мэдээлэл хүргүүлэв.

МТХ-ны 2014 оны 11 дүгээр сард хуралдсан их хурлаас сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхи ажиллахаас татгалзсантай холбогдуулан холбооны гишүүдийн санаачилгаар ээлжит бус хурлыг ЗБХ, ажлын хэсгийг байгуулжээ. Мөн ээлжит бус хурлыг ЗБХ, ажлын хэсгээс МТХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Д.Болормаа, ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч М.Нармандах нарт шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад “Д.Болормаа, М.Нармандах нарт МТХ-ны дүрмийг үндэслэн, өмнө нь мэдэгдсэний дагуу 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 09 цагаас МҮОХ-ны хурлын танхимд зохион байгуулах МТХ-ны ээлжит бус их хуралд тус холбооны 2014 оны 11 дүгээр сард зохион байгуулсан их хурлаас сонгогдсон УЗ-ийн гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь оролцуулахыг сануулж  байна” гэжээ.

Ээлжит бус их хурлаар МТХ-ноос 2014 оны 11 дүгээр сарын 9-нөөс 2016 оны 4 дүгээр сарын 25 хүртэл хийж гүйцэтгэсэн ажлын тайланг сонсож хэлэлцэх юм. Мөн МТХ-ны 2014 оны 11 дүгээр сарын 9-нөөс 2016 оны 4 дүгээр сарын 25 хүртэлх хугацааны санхүүгийн тайланг сонсож хэлэлцэх, МТХ-ны Хяналтын Зөвлөлийн тайланг сонсож хэлэлцэх, холбооны дүрэмд оруулах өөрчлөлтийг хэлэлцэж батлах юм. МТХ-ны 2014 оны 11 дүгээр сард хуралдсан их хурлаас сонгогдсон УЗ-ийн гишүүдийн олонхи нь ажиллахаас татгалзсантай холбогдуулан холбооны ерөнхийлөгч болон УЗ-ийг дахин шинээр сонгох асуудлыг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн Монголын тэшүүрийн холбооны УЗ-ийг дахин шинээр сонгохтой холбогдуулан тус холбооны Ерөнхийлөгч болон УЗ-д нэрээ дэвшүүлж, сонгуульд өрсөлдөх асуудал нээлттэй болохыг нийтэд зарлажээ.

Д.Өлзий

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг