sonin.mn

Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн салбарт түлхүү анхаарч хүн амын хөгжлийн бодлогыг орхигдуулсны улмаас нийгмийн тэгш хөгжил алдагдсан хэмээн ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ өнөөдөр болсон “Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын Нээлттэй өдөрлөг”-ийн үеэр онцлов.

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-нд “Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөр" тохиодог. Уг өдрийн хүрээнд ХАХНХЯ болон холбогдох яам, агентлагууд хамтран “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулдаг уламжлалтай. Уг өдөрлөгт ХАХНХЯ, ХТҮГ, НДЕГ, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар (НХҮЕГ) оролцож, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэж байна.

Аливаа улс орон иргэддээ тулгуурлан хөгжих ёстой. Гэвч хүний эрхийг хамгаалах тухай хуульгүйгээр иргэд эрхээ хамгаалах, хөгжих боломжгүй гэж болно. Тиймээс хүн амын бүлгүүдийн хуулийг яаралтай батлах шаардлага тулгараад буй юм. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Хүүхдийн эрхийн тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай зэрэг хүний хөгжилд чиглэсэн хэд хэдэн хууль баталсан. Цаашдаа залуучууд, ахмадууд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хуулийг нэн яаралтай батлах шаардлагатай юм. Ингэснээр иргэд эрхээ хамгаалах, төр зөвхөн эдийн засгийн хөгжилд хөрөнгө зарах бус хүн амын хөгжлийг дэмжихэд анхаарлаа төвлөрүүлэх болно хэмээн С.Эрдэнэ сайд нээлтийн үгэндээ хэллээ.

“Нээлттэй өдөрлөг”-ийн үеэр ХАХНХЯ-ны харъяа агентлагуудын удирдлагуудтай уулзаж өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлынх нь талаар тодруулав.

НДЕГ тэтгэвэр, эрүүл мэндийн даатгал зэрэг олон асуудлаар иргэдтэй хамгийн ойр ажилладаг салбар. Тиймээс УИХ-аар иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр хэд хэдэн чухал хууль батлуулжээ. Тухайлбал, 2012 онд баталсан Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хуулийг нэрлэж болох юм. Уг хуулийн хүрээнд 600 мянга орчим иргэний 1990-2000 онд ажилласан жилийг нөхөн тооцож, тэтгэвэр авах, амралтын хоногоо нэмэх боломжийг бүрдүүлсэн хэмээн НДЕГ-ын дарга Д.Мэндбаяр хэллээ.

Мөн энэ оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хүрээнд өртөг өндөртэй эмчилгээг ЭМД-т хамруулж, иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний дээд хязгаарыг 2 сая төгрөг болгож нэмжээ. Мөн иргэд өөрийн тусламж үйлчилгээний мөнгийг гэр бүлийн хүндээ нэг удаа шилжүүлж болохоор тусгасан нь иргэдийг эрүүл амьдрах боломжийг бүрдүүлжээ. Түүнчлэн  НДЕГ-т хуримтлагдаад байсан 10 их наяд төгрөгийн нэрийн дансны бичилтийг  Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн хуулиар мөнгөжүүлэх боломж бүрджээ. Одоогоор 3 их наяд төгрөгийн санхүүжилт бүрдээд байгааг Д.Мэндбаяр дарга онцлов.

ХТҮГ-аас УИХ-аар шинэчлэн баталсан Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд хүүхэд өөрийн эрхээ хэрхэн хамгаалах, бусдын эрхийг хүндлэх, эцэг эхчүүдийн үүрэг, хариуцлагыг олон нийтэд танилцуулж байна. Шинэчилсэн хуулиар өмнө нь орхигдоод байсан хууль хэрэгжүүлэх механизмыг нарийн тусгажээ. Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон нийтэд хүүхдийг хэрхэн хөгжүүлэх талаар сурталчилгаа явуулах, эерэг мэдээ мэдээлэл хүргэсэн тохиолдолд урамшуулах тогтолцоог хүртэл тусгажээ.

Хүүхдүүдийн өмнө хүчирхийлэл, боловсрол эзэмших боломж зэрэг тулгамдаж буй олон асуудал бий. Тухайлбал, өмнө нь хүүхдэд нэр хоч өгөх нь энгийн зүйл мэт харагддаг байсан бол эдүгээ сэтгэл санааны дарамтад оруулсан хэмээн үзэж, хариуцлага хүлээлгэх болсон. Тиймээс ерөнхий боловсролын сургуулиудыг хүүхдэд хамгааллын бодлоготой болгох зэрэг олон ажлыг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байгаа юм.

Хүүхэд хэзээд хөгжихөд бэлэн байдаг. Гэвч тэднийг хөгжүүлэх сургалтын байгууллага, орчин нөхцөл цөөн. Тиймээс энэ бүх асуудлыг шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллана гэдгийг ХТҮГ-ын дэд дарга Т.Түвшин хэллээ.

Хуульд зааснаар төрийн зүгээс иргэдэд үзүүлдэг нийгмийн халамжийн 70 төрөл байдаг бөгөөд үүнийг нь 20-ийг нь тогтмол олгодог аж. НХҮЕГ-аас Өрхийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж байна. Уг санг бүрдүүлснээр өрхүүдийн мэдээлэлд үндэслэн төрөөс аль бүлэгт нь ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдэг бодлогыг тодорхойлоход чухал ач холбогдолтой. Тухайлбал, сангийн мэдээлэлд тулгуурлан хүүхдийн мөнгө, 25 мянган өрхөд хүнсний талон олгож байгаа юм хэмээн НХҮЕГ-ын дарга Ц.Туваан хэллээ.

Тэрбээр, “Насанд хүрсэн хүнд 13 мянган төгрөг, хүүхдэд 6500 төгрөгийн талон өгдөг. Ер нь төрийн халамж иргэдийг бэлэнчлэх сэтгэлгээ суулгалаа хэмээн үзэж, эсэргүүцдэг хүмүүс бий. Гэхдээ төр иргэдээ халамжилж, шаардлагатай үед нь тусалж, дэмжих үүрэгтэй” хэмээв.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг