sonin.mn

ЖЕНЕВ. /TASS/. “Эль-Нино” хэмээх байгалийн үзэгдлээс үүдэлтэй ган гачиг, үер зэрэг байгалийн гамшигт өртсөн улс орнуудын 60 сая оршин суугчид тусламж үзүүлэхэд 2.2 тэрбум доллар шаардлагатай гэж НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газар мэдээлжээ.

Тус газрын мэдээлснээр, дэлхийн 13 оронд байгалийн гамшигт өртсөн хүмүүст тусламж үзүүлэх 3.6 тэрбум долларын өртөг бүхий төслүүдийг боловсруулаад байна. Эдгээр төслийг хоол хүнс, ундны усан хангамж болон ариун цэвэр, эрүүл мэндийн салбарын асуудлыг шийдэхэд хэрэгжүүлэх юм.

Энэ удаагийн “Эль-Нино” үзэгдэл нь “хамгийн ширүүн үзэгдлүүдийн нэг” болохыг НҮБ-ын шинжээчид анхааруулж байна.  Уг үзэгдлийн нөлөөнд “Африк, Ази, Төв болон Өмнөд Америк, Номхон далайн бүс нутаг зэрэг хамгийн эмзэг бүс нутгийн оршин суугчдыг оруулаад  60 сая орчим хүн өртсөн байна”. “Эль-Нино” үзэгдлээс үүдэлтэй ган гачиг 2016 оны эцэс, 2017 оны эхээр оргил үедээ хүрэх аж. Хэрэв “Эль-Нино”-гийн дараа ажиглагддаг Ла-Нинья үзэгдэл болбол байдлыг улам дордуулна.

Дэлхийн цаг уурын газрын мэдээллээр, 2015-2016 онд “Эль-Нино” үзэгдэл цаг уурын ажиглалтын түүхэнд хамгийн хүчтэй нөлөө дагуулсан байна.

Хэдэн жилд нэг удаа ихэвчлэн өвлийн улиралд ажиглагддаг энэ үзэгдэл нь Номхон далайн халуун бүсийн гадаргын усны хэмийг эрс дээшлүүлдэг үзэгдэл юм.

Байгалийн энэ үзэгдэл нь салхины урсгал чиглэлд нөлөөлдөг учраас Атлантын далайд хар салхи дэгдэх нь багасдаг учраас байна. Уг үзэгдлийн эсрэг үзэгдлийг Ла-Нинья гэдэг  бөгөөд энэ нь Австрали, Индонез, Таиланд, Филиппинд, мөн Өмнөд Америкийн зарим орнуудад тухайлбал, Бразил, Колумб улсад ширүүн бороо дагуулдаг бол Уругвай болон Аргентинд ган гачиг авчирдаг ажээ.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг