sonin.mn

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Төв аймгийн Нутгийн залуучуудын холбоотой хамтран Монголын төр, нийгэм, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, түүхч, манжич Л.Дэндэвийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “Их шастирын  мэргэн түшмэл” баримтат кино өнөөдөр үзэгчдийн хүртээл боллоо.

Тус киног нээж ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл хэлэхдээ, “ХХ зууны Монголын түүхэнд тодоос тод ул мөрөө үлдээсэн Л.Дэндэвийн үед Шинжлэх ухааны хүрээлэн/ШУХ/-гийн эрдэм шинжилгээний ажил өргөжин тэлж, түүх, хэл, утга зохиол, газар зүйн ухааны шинэ бүтээлүүд гарч, археологи, уул уурхай, байгалийн баялаг эрж хайх, ашигт малтмалын найрлага, бэлчээр, ургамлын тархац, бүтцийг судлах, цаг уурын туршилтын станц байгуулах, хөрсний шинжилгээ хийх зэрэг шинэ салбар чиглэлийн судалгааг Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн тусламжтай явуулж, үндэсний шинжилгээний ангиудыг ажиллуулдаг болсныг бид бахархан дурсаж явах учиртай. Түүний гардан удирдаж байсан ШУХ одоо олон улсад нэр хүндтэй ШУА болон хөгжиж, улс орныхоо төдийгүй дэлхий дахины шинжлэх ухаан, технологийн хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулсаар байна. Эл бүтээлд төр, түмнийхээ өмнө байгуулсан алдар гавьяаны тухай олон талаас нь нэн тодорхой өгүүлсэн билээ. Энэ нь түүний үйл хэргийг мөнхжүүлэхэд төдийгүй Монгол Улсын ШУА-ийн түүхийн судалгаа, сурталчилгаанд зохих түлхэц өгөх нь дамжиггүй. Манай эрдэмтэн судлаач, уран бүтээлчид ийнхүү шинжлэх ухааны тодорхой салбар чиглэлээр хамтран ажиллаж, бүтээл туурвиж байгаа нь шинжлэх ухааны бодлого, зорилт, үр дүнг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой” гэв.

Баримтат киног Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн бүтээсэн юм. Тэрбээр хэлэхдээ, “Энэ киног маш их хүч хөдөлмөр зарцуулж, жил орчим хугацаанд хийж бүтээлээ. Тус кино бол цэвэр баримтат кино юм. Кино багийнхан Л.Дэндэв гуайн төрсөн нутгаар нь очиж материал бэлтгэсэн. Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуунаас төр, нийгэм, урлагийн томоохон зүтгэлтнүүд ихээхэн төрж гарсны нэг нь Л.Дэндэв агсан юм. Энэ сайхан нутгийнхны дэмжлэгтэйгээр тус кино бүтсэнд их баяртай байна” хэмээв.

Киноны нээлтэд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор профессор С.Чулуун, Монгол Улсын Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн, Төв аймгийн Нутгийн залуучуудын холбооны төлөөлөгчид болон Л.Дэндэв агсны гэр бүлийнхэн хүрэлцэн ирсэн байв.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг