sonin.mn

“Зориг Сан”-гийн “Залуу манлайлал” хөтөлбөрийн оролцогч залуус хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гар урлалыг дэмжих зорилготой  “Дэм” төслийг хэрэгжүүлж эхэлжээ.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар албан бус тооцоогоор 117 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг гэсэн судалгаа бий. Гэвч амьдрах орчны таатай бус нөхцөл, хязгаарлагдмал боломжоос шалтгаалан тэдний дийлэнх нь амьжиргааны түвшингээс доогуур орлогоор амьдардаг аж.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хийхэд тохиромжтой ажлуудын нэг бол гар урлал юм. Тиймээс “Зориг Сан”-гийн “Залуу манлайлал” хөтөлбөрт оролцогч залуус хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний асран хамгаалагчдын гар урлалыг дэмжих “Дэм” төслийг хэрэгжүүлэн, “Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо”, “Навчин шүүдэр бүлгэм” зэрэг байгууллага, хувь хүмүүс, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүдийн “Ээлтэй ертөнц ТББ”-тай хамтран ажиллаж эхэлжээ. Төслөөр тэдгээр хүмүүсийн гар урлалын бүтээгдэхүүн худалдан авалтын нэгдсэн цахим хуудас www.dem.today–ийг хөгжүүлж, “Ээлтэй ертөнц ТББ”-ын ээжүүдийн хамт эсгий-даавуун “Гого ном”-ыг бүтээжээ.

Төслийн хүрээнд өнгөрөгч бямба гараг буюу энэ сарын 23-нд төслийн баг “Бидний дэм” өдөрлөгийг зохион байгуулсан нь амжилттай болж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих сэтгэлтэй хувь хүн, байгууллагуудыг урин үр бүтээлтэй нэгэн өдрийг өнгөрөөсөн байна. Түүнчлэн “Дэм” төсөл цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гар урлалыг дэмжин сургалт, өдөрлөг арга хэмжээ зохиож, тэднийг тогтмол орлогыг нэмэгдүүлэхүйц бренд бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дэмжихээр зорьж байгаа аж.

Дашрамд дурдахад, Гар урлалын бүтээгдэхүүн үйлдэрлэдэг буюу үйлдвэрлэх сонирхолтой хөгжлийн бэрхшээлтэй иргэн эсвэл тэдний хөдөлмөрийг дэмжих хүсэлтэй иргэн бүрт “Дэм” төслийн багтай хамтран ажиллах боломж нээлттэй юм байна.

Н.Туяа

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг