sonin.mn
Туркийн Истанбул хотын захирагч, Дэлхийн хотуудын холбооны ерөнхийлөгч Кадир Топбаш, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн урилгаар Монголд ирээд байхад нь уулзлаа.
 
-Истанбул Турк тө­дий­гүй, Европын хамгийн том хотуудын нэг. Ийм том хотын дарга байх нь их үүрэг хариуцлагыг араа­саа дагуулдаг байх. Энэ талаар яриагаа эхэлье?
 
-Том хотын дарга байна гэдэг үнэхээр хариуц­лагатай алба. Манай хот 8500 жилийн түүхтэй эртний соёл, иргэншлийн төв. Нөгөө талаас Ази, Европ тивийн зааг дээр оршдог.
 
үр Ази, Европ тивээс наран манддаг гайхалтай нууцлаг хот юм. Хүн амын үзүүлэлтээр дэлхийн 124 улсын дээгүүрт жагсдаг. Ямар ч хотод зам, тээвэр, дэд бүтэц гэсэн адил төстэй асуудал цөөнгүй  байдаг. Гол нь эдгээр асуудлыг оршин суугчдынхаа хамтаар шийдэх нь чухал. Миний хувьд хүүхэд нас, амьдралаа Истанбулд өнгөрөөсөн. Энэ хотод өсч, сурч боловсорсон. Истанбул хотын захирагчаар ажиллаж байгаадаа баяртай байдаг. Хүмүүс Парис, Лондон, Нью-Йоркт амьдрахыг хүсдэг байсан бол одоо Истанбулд амьдрах хүсэлтэй иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Энэ  нь надад маш таатай байдаг.
 
-Та 1994-1998 онд одоогийн Ерөнхийлөгч Эрдоганыг хотын дарга байхад нь зөвлөхөөр ажиллаж байсан. Энэ хугацаанд хотын дахин төлөвлөлтийн ажил эхэлсэн гэдэг. Энэ ажлыг эхлүүлэх болсон шалтгаан юу вэ. Дахин төлөвлөлт хийснээр ямар өөрчлөлтүүд гарсан бэ?
 
-Тийм ээ. Би одоогийн БНТУ-ын Ерөнхийлөгч Рэжэп Таийп Эрдоганыг хотын дарга байхад зөвлөхөөр нь ажиллаж байлаа. Бид 43 жилийн турш хамтран ажиллаж байна. Түүнийг хотын даргаар ажиллаж байхад төрийн байгууллага, иргэдийн хоорондын шууд харилцааны системийг нэвтрүүлсэн. Өмнө нь иргэд, хотын удирдлага, шийдвэр гаргагчидтай уулзаж санал бодлоо илэрхийлэх боломжгүй байсан. Шинэ систем нэвтрүүлснээр анхны гэх тодотголтой ажлуудыг хийж эхэлсэн.
 
Гэр хорооллын дахин төлөвлөлт энэ үед эхэлсэн. Бид байрны хөлс төлж буй мэт бага зээлээр иргэдийг орон сууцтай болгосон. Өнөөдөр гэр хороолол огт байхгүй болсон. Харин хуучин барилга, гудамжуудыг хэсэгчлэн дахин төлөвлөлтөд оруулж байна. Тухайн үед Рэжэп Таийп Эрдоган Туркийн Ерөнхий сайд болсныхоо дараахан хотын удирдлагуудад тодорхой асуудлуудын хүрээнд эрх мэдлийг олгох зорилгоор хуульд өөрчлөлт оруулснаар дахин төлөвлөлт эрчимжсэн. Өнөөдөр дэлхий даяараа дахин төлөвлөгдөж байна. Хуучин хэрэглэж байсан зүйлс бүгд өөрчлөгдөж байна.
 
-Таны бодлоор Истанбулын туршлагыг Улаанбаатарт ашиглаж болно гэж бодож байна уу?
 
-Би Улаанбаатарыг илүү азтай гэж харж байгаа. Учир нь дэлхийн олон орноос жишээ авч хөгжиж болохоор байна. Өөрөөр хэлбэл, хотуудын хөгжлөөс загвар авч болно. Бидний үед тийм боломж байгаагүй. Бид бүх зүйлийг өөрсдөө бодож босгосон. Улаанбаатар хотын загвар авч болох хот бол Истанбул гэж бодож байна. Бид өнөөдрийг хүртэл юун дээр хэрхэн алдсанаа мэддэг. Нөгөөтэйгүүр хэрхэн яаж амжилт, ололтод хүрсэнээ ч мэддэг. Тиймээс Истанбулын Засаг даргын Тамгын газар болон компаниудын үүд хаалга Монгол Улсад  нээлттэй. Бид хамтран ажиллаж туршлагаасаа хуваалцахад бүх талаараа бэлэн байна. 
 
-Таны айлчлалаар яг юу шийдэв? 
 
-Хотын барилгын эмх замбараагүй байдал, ногоон байгууламж нь хотын дахин төлөвлөлтөд хүндрэл учруулдаг. Энэ асуудлыг удирдлагууд ямар нэг байдлаар шийдэхийг зорин ажиллаж байна. Туркийн барилгын компаниуд энэ тал дээр туслах боломжтой. Манай Тамгын газрын харьяа барилгын томоохон компаниуд бий. Мөн зам тээврийн асуудлыг авч хэлэлцэх хэрэгтэй. Бас нэг зүйл судалж үзэхэд Улаанбаатарт ундны усны хангамж, байгаль орчныг бохир уснаас хамгаалах асуудал байна. Истанбул энэ салбарт арвин туршлага хуримтлуулсан учир Монгол Улсад туслах  боломжтой. Энэ айлчлалын хүрээнд Туркийн талаас Улаанбаатарын алслагдсан дүүргүүдэд эхний ээлжинд 10 эрүүл мэндийн төв барьж байгуулья гэсэн санал тавьсан. Мөн хог хаягдлын менежментийн асуудлаар хамтарч ажиллах боломжтой.
 
-Истанбул хот жуулчдыг татахад ямар бодлого хэрэгжүүлдэг вэ? 
 
-Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд эхлээд аялал жуулчлалын компаниудад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Би Истанбулын Засаг даргаар томилогдоод хамгийн анхны хурлаа аялал жуулчлалын салбарынхантай хийж байсан. Тэдэнтэй Истанбулын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө гаргаж, зарим тал дээр давуу эрх олгосон. Улсаас дэмжлэг үзүүлж, хөрөнгө оруулагчид чиглүүлж өгсөн. Жуулчин авчрахын тулд гадаад улс орнуудад сурталчилгаа хийгээд төдийлөн үр дүнд хүрэх нь бага. Гол нь өөрийн орны уламжлалт соёл, онцлох шинж чанаруудыг харуулах хэрэгтэй. Бид энэ бодлогыг Истанбулд төрөлжүүлэн хэрэгжүүлсэн.
 
Тухайлбал, эрүүл мэндийн болон хурал цуглааны аялал жуулчлал, загварын үзүүлбэрийн болон үзэсгэлэн худалдааны чиглэлийг оруулж ирснээр жуулчдын тоо нэмэгдсэн. Түүнчлэн аялал жуулчлалын байгууллагууд нэгдэх хэрэгтэй. Бид Истанбулд энэ бодлогыг баримталсан. Өнөөдрийн байдлаар Истанбулд жилд 12 сая жуулчин xүлээн авч байна. Бас нэг онцлог нь гайхамшигтай худалдаа, загварын төвүүдтэй, далайн эргийн хот. Ингэснээр Истанбул хотод ирсэн жуулчин нэг дор худалдаа арилжаа хийж, далайн эрэг дээр амарч, зугаацах боломжтой.
 
-Сүүлийн үед олон улсын анхааралд байгаа дүрвэгсдийн асуудал танай улсын аялал жуулчлалын салбарт хэрхэн нөлөөлж байна вэ?
 
-Монгол, Турк хоёр улс өнө эртний үеэс түүхэн холбоотой, үндэс угсаа нэгтэй. Тиймээс ч манай хоёр орны хүмүүс адилхан цайлган сэтгэлтэй, найрсаг ард түмэн болохыг би харж байна. Бид хэзээ ч хэт олон хүн ирлээ гэж гомдоллохгүй. Харин ч манай Засгийн газар дүрвэгсдэд зориулж 10 тэрбум ам.доллар зарцуулсан. Дүрвэгсдийг нийгмийн нэг хэсэг болгон харж, асуудал гэж үздэггүй. Хэрэв бид зөв зохистой хандаж чадвал Истанбул хүн бүрт боломж олгож, ажлын байраар хангаж чадах хот. 
 
-Туркийн “Turkish Airlines” компани Улаанбаатарт салбараа нээгээд байна. Туркийн бизнес эрхлэгчид Монголыг хэр сонирхож байгаа вэ?
 
-Монгол Улс боломжоор дүүрэн байна. Зөвхөн уул уурхай ч биш бүх салбарт боломж, бололцоо их харагдаж байна. Харин эрх баригчид эдгээр боломж,  бололцоог ард түмэнд таниулж, харуулж, мэдрүүлэх хэрэгтэй. Мөн боломж бололцоог ашиглахын тулд дэд бүтцээ  хөгжүүлэх нь чухал. Тухайлбал, агаарын зам байна. Долоо хоногт гурван нислэг хийж байгаа нь хангалтгүй. Энэ тоог нэмэгдүүлж, өглөө ирсэн онгоцыг орой буцаах системд шилжих шаардлагатай. Ингэснээр зөвхөн Турк Эйрлайнсаас гадна Монголын иргэний агаарын тээврийн компаниуд, дотоодын нислэгийн компаниудад ч ашигтай нөхцөл бүрдэнэ.
 
Мөн дэд бүтэц, зам тээвэр, зочид буудал, ажлын байрыг сайн хөгжүүлэх хэрэгтэй. Нэг бизнес эрхлэгч Монголд ирэхэд түүнд шаардагдах бүх л хэрэгцээг хангах нь чухал. Хөрөнгө оруулагчид мөн төр засгаас баталгаа хүсдэг. Ирэх тавдугаар сард Турк улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын зохион байгуулж буй уулзалтад Туркийн Шадар сайд ирнэ. Энэ уулзалтаар Монгол Улсад хөрөнгө оруулах хүсэлтэй олон хүн ирэх учраас боломжийг алдалгүй хурдан хөдлөх хэрэгтэй болж байна. Та бүхэнд сав дүүрэн зөгийн бал байна. Харин савныхаа таглааг нээхгүй бол зөгий ирэхгүй. Зөгийг ирүүлэхийн тулд балаа ил гарга. Монгол Улсад хөрөнгө оруулагчдыг татахын тулд тэдэнд боломж олгох хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхий сайд, Улаанбаатар хотын захирагч нар Истанбулд ирээсэй гэж би хүсч байна.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин