sonin.mn
Тал тохой татаж,  танил талаа  ажилтай болгохын тулд аль нэг төрийн  байгууллага, агентлаг, газрын “толгой”-г тасалдаг явдал гамшгийн биш юм гэхэд аюулгүй байдлын хэмжээнд яригдах төвшинд хүрчээ.
 
Ажлаа мэддэг, юм боддог толгойнуудыг “тасалж”, оронд нь хоосон толгойтныг томилоод байвал улс орон өөдөө явах уу, хөгжих үү. Ямар ч тооцоо судалгаагүй, нам, танил харсан харалган дарга нарын гаргаж буй бодлого, шийдвэрүүд өнөөдөр хууль тогтоох байгууллагаасаа эхлээд ард түмний эрх ашиг,  улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөр байгаа жишээ, баримт ч цөөнгүй. Ингэж “Толгойгүй улс” болгосны жишээ нь төрийн албанд нүүрлэсэн хууль бус  халаа, сэлгээ юм. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд  гурван шатны шүүхээс ажилд нь эргүүлэн тогтоохыг шийдвэрлэсэн  33  төрийн албан хаагч гу­дам­жинд чулуу өшиг­лөж явна. Тэдний дунд яамны газрын дарга, мэр­гэжилтэн, агент­лагийн дарга, дэд даргаар ажиллаж байсан олон хүн байна. Мөн олонх нь эмэгтэйчүүд байх юм.   
 
Судалгаа түшвэл,  2014-2015 онд төрийн албан хаагчийг ажлаас үндэслэлгүйгээр халсан, чөлөөлсөн тухай нийт 227  өргөдөл УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд ирж, нээлттэй сонсголоор танилцуулж байв. Тэгвэл, Дээд шүүх өнгөрсөн найман жилийн хугацаанд төрийн албанаас үндэслэлгүй халагд­сан гэсэн нэхэмж­лэлтэй нийт 308 хэргийг хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэснээс 68 хувьд нь буюу 210 хүний нэхэмжлэлийг хангаж, ажилд нь эгүүлэн тогтоох шийдвэр гаргаж, зөрчигдсөн эрхийг нь хамгаалсан баримт байна.
 
2005-2013 он хүртэл най­ман жилийн хуга­цаанд ажлаас үндэслэлгүй халагд­сан нь шүүхээр тог­тоогдсон 210 хүн бай­сан бол 2014-2015 онд хоёрхон жилийн дотор 227 болсны хооронд  тэнгэр, газар шиг зөрүү байгаа биз. Ингэхдээ 20-30 хүнийг нэг дор олноор чөлөөлсөн явдал цөөнгүй давтагдсан нь Өргөдлийн байнгын хорооны тайланд дур­дагдсан байна. Сүүлийн хоёр­хон жилийн дотор төрийн   албан хаагчдыг ингэж олноор нь хоморголон халдаг болов.  
 
Төрийн албаны  зөвлөл /ТАЗ/ “манаач” –ийн үүргээ гүйцэтгэж, хууль, тогтоомж зөрчиж байгааг сануулдаг ч төр, захиргааны байгууллагууд нь биелүүлдэггүй. Улс­төржсөн томилгоонууд эцэстээ  хэн нэгнийг албан тушаалд тавихдаа  ТАЗ-өөр оруулахгүй, АТГ-аас ашиг сонирхлын мэдүүлэг авахгүй эрчээрээ явж байгаа жишээ, баримтууд ч цөөнгүй.  
 
Тэр бүү хэл, жилийн дотор 3-4 албан тушаалд, ингэхдээ газар, хэлтсийн хооронд даргын суудлаас даргын суудалд шилжин “эрвээ­хэй­чилсэн”  этгээдүүд ч байгааг холбогдох газрууд тайландаа дөнгөж дурдаад өнгөрснөөс  бус нэр цохолгүй орхиж баримтыг бүрхэгдүүлжээ. Түүний зэрэгцээ эдийн засгийн хямрал нүүрлэж, улс орон доройтсон, ард түмний амьдрал ядуурсан гэдэг.  
 
Гэтэл төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас халж, оронд нь танил  тал, нам нэгтнүүдээ томилсны гайгаар 2014 онд зургаан тэрбум, 2015 онд 2.3 тэрбум төг­рөгийг нөхөн олговорт   ол­гуулахаар улсын төсөвт суул­гуулсныг АТГ хянасан ч “Ийм байна” гээд мөн л тай­ландаа дур­даад өнгөрснөөс бус хариуцлагын асуу­дал ярьсангүй. Тэр байтугай төрийн албанд томилогдох хүнд  АТГ “виз”  өгдөг атлаа  ажлаасаа хууль бусаар халагдахад нь шалтгааныг судалж үзэлгүй загас мэт дуугүй өнгөрүүлдэг нь сонин.
 
Төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх зарчим ийнхүү алдагд­саар байна.   Төрд алба хашиж буй албан хаагчид  төрийн толгой, нүд, чих болж ажиллах учиртай, үүний төлөө тангараг өргөдөг. Монголчууд “Төрийн минь сүлд өршөө” гэж залбирдаг.  Тэгвэл төрийн мэргэшсэн албан хаагчдыг сонгуулиас сон­­­гуулийн хооронд ширээний алчуур шиг сэл­гэж, оронд нь ямар ч мэд­лэг, боловсролгүй танил талын хүнээ томи­лоод байгаа “Толгойгүй улс” улам л уруугаа явах бус уу.
 
 
2005-2013 оны хоорондох найман жилийн хугацаанд 308-2010 хүн ажлаас үндэслэлгүй халагдсан бол 2014-2015 онд буюу сүүлийн хоёрхон жил 227 төрийн албан хаагч  ажлаас үндэслэлгүй халагджээ.
 
 
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин