sonin.mn

БЭЭЖИН. /TASS/. Орос-Хятадын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хангах тухай болон олон улс, бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Бээжинд дөрөвдүгээр сарын 28-29-нд албан ёсоор айлчлах үеэрээ хэлэлцэнэ.

Айлчлалын явцад С.Лавровыг Хятадын дарга Си Зинпин хүлээн авч уулзахаас гадна тэрбээр Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-тэй хэлэлцээ хийнэ.  ОХУ-ын Гадаад хэргийн сайд мөн Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх зөвлөгөөн зэрэг олон улсын чухал чуулга уулзалтад оролцох ажээ.

ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, “Лавровын айлчлалын гол зорилго нь удахгүй болох Орос-Хятадын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хангах явдал юм”.

Түүнчлэн сайд нар хоёр орны стратегийн түншлэлийн хамгийн чухал хэсгүүдийн нэг болох олон улсын тавцанд хамтран ажиллах асуудалд гол анхаарлаа хандуулна.

Бээжинд хийх хэлэлцээний явцад  мөн хоёр талын уулзалтуудын хуваарийг хэлэлцэх төлөвтэй байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Сергей Иванов гуравдугаар сард Бээжинд айлчлах үеэрээ Ерөнхийлөгч Владимир Путин энэ оны зургадугаар сард Хятадад айлчилна гэдгийг мэдээлсэн билээ.

Харин Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян энэ намар хоёр орны Засгийн газрын тэргүүн нарын 21 дэх удаагийн тогтмол уулзалтын хүрээнд ОХУ-д албан ёсоор айлчилна.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг