sonin.mn

АНУ-ын Ерөнхийлөг­чийн сонгуулийн сун­гаанд Бүгд найрамдах на­маас нэр дэвшин өрсөл­дөж буй тэрбумтан Дональд Трамп энэ сарын 26-нд таван муж улсад ялалт байгуулсан байна. Энэхүү ялалтаараа тэрээр Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалаа өндөрсгөж чадлаа.

Дональд Трамп Коннектикут, Делавер, Мэриленд, Пенсильвани, Род-Айленд муж улсуудад болсон Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчид өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулах сунгаанд 50 хувиас илүү санал авч сенатор Тед Круз, Охайо муж улсын амбан захирагч Жон Кейсик нарыг ардаа орхисон байна. Гэвч энэхүү ялалт нь түүнд Ерөнхийлөгчийн сунгаанд ялалт байгуулахад бүрэн баталгаа болж чадахгүй юм. Учир нь Дональд Трамп Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах Бүгд найрамдах намын их хурлын 1237 төлөөлөгчийн саналыг хангалттай авч чадахгүй байж магадгүй аж.

Америкийн “Уолл Стрийт Журнал” сонины сүүлчийн санал асуулгаар Трампыг дэмждэг Бүгд найрамдахчуудын тоо анх удаа 50 хувь хүртэл өсчээ. Одоо болох сунгаанд түүний гол өрсөлдөгч Тед Крузын хувьд таатай байж магадгүй. Учир нь энэ удаагийн сунгаа түүнийг дэмждэг өрнөд болон төв мужуудад явагдах юм.

Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд нэр дэвшсэн Хиллари Клинтон таван муж улсын гуравт нь ялалт байгуулжээ. Харин түүний гол өрсөлдөгч Берни Сандерс нэг муж улсад авсан саналаараа тэргүүлсэн байна. Хиллари Клинтон Делавер, Мэриленд, Пенсильванид олонхийн санал авч чаджээ.

М.Хүслэн

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин