sonin.mn
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10:40 минутад эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, "Цэцийн дүгнэлтээ хэлэлцэхгүй юм уу. Бүлэг завсарлага авах эрхээ хуулийн хүрээнд хэрэгжүүлж байна уу гэж асуумаар байна. Эвслийн бүлэг гурван сар хуралдаагүй гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Завсарлагыг нэг бол Н.Батцэрэг, нөгөө бол З.Баянсэлэнгэ авдаг. Ганц нэгээрээ завсарлага авдаг байж болохгүй. Тиймээс хэлэлцэх асуудлын товд цэцийн дүгнэлтийг оруулах саналтай байна" гэхэд УИХ-ын дарга З.Энхболд, "Бүлгийн дарга эсвэл дэд дарга хэлвэл завсарлага өгдөг байсан. Өнөөдрөөс бүлгийн хурлын протокол, ирц зэргийг харгалзаж завсарлага өгөхийг анхаараарай. Одоо эвслийн бүлгийн удирдлага бүлгийн хурлын үр дүнгээр мэдээлэл хийх хэрэгтэй" гэсэн юм.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой адил саналтай байгаагаа хэлсэн. УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, "Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль нь сонгуультай холбоотой тул цэцийн дүгнэлтийн дараа хэлэлцүүлж өгөөч" гэлээ. Хуралдааныг даргалагч хүсэлтийг ёсоор болгов.
УИХ-ын гишүүн Г.Уянга, "Энэ оны 4 дүгээр сарын 16-нд Ерөнхийлөгч татвар төлөхөөс зайлсхийсэн гадны иргэдэд өршөөл үзүүлсэн гэх асуудлаар УИХ-ын даргад хоёр албан бичиг явуулсан. Энэ асуудал хэлэлцэх асуудлын дараалалд оруулж өгөөч" гэхэд УИХ-ын дарга З.Энхболд, "Хууль зүйн байнгын хороо руу албан тоотыг явуулсан. Өнөөдөр оруулах боломжгүй. Ирэх долоо хоногт байнгын хороо саналаа оруулаарай" гэсэн тайлбарыг өглөө.
МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ, "Эвсэл дур зоргоороо завсарлага авсан асуудал байхгүй. Бүлгийн дотоод асуудал руу хэн нэгэн орж ажлыг нь яаравчлуулах, хутгалдах эрх байхгүй. Өнөөдрийн хүртэл бүлэг 8 гишүүнтэй, чадамжтай хэвээр байна. Бид цэцийн дүгнэлтийг заавал 5 хоногт хэлэлцэнэ гээгүй. Гэхдээ завсарлагын хугацаанд асуудлыг хэлэлцэж дуусгана" гэхэд хуралдааныг даргалагч, "Бүлэг аль болох цэцийн дүгнэлтийг хурдан хэлэлцэх хэрэгтэй. Болвол маргаашийн хуралдаанд асуудлыг оруулж ирэх шаардлагатай" гэснээр чуулганы өнөөдрийн хуралдаан эхлэв.
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг