sonin.mn

ВЕНА. /NHK/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн цөмийн туршилтыг хориглох гэрээг батлахыг улс орнуудад хандан уриалсан байна. Энэ нь дэлхийг цөмийн зэвсэггүй болгоход чухал ач холбогдолтой юм гэж тэрбээр мэдэгджээ.

Тэрбээр өчигдөр Вена хотод Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллагын /ЦТБХГБ/ уулзалтын үеэр дээрх уриалгыг гаргасан байна.

Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээг 20 жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар баталсан боловч АНУ, БНХАУ, Умард Солонгос болон бусад таван орон уг гэрээг соёрхон батлаагүй тул уг гэрээ хэрэгжиж эхлээгүй байгаа ажээ.

Умард Солонгос өнгөрсөн нэгдүгээр сард цөмийн туршилт хийсэнтэй холбогдуулан ЦТБХГБ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Зербо Лассина хэлэхдээ “Умард Солонгос тав, зургаа, долоо дах туршилтаа хийнэ. Ингэснээр тус улс илүү боловсронгуй цөмийн зэвсэг бүтээх боломжтой болно” гэж анхааруулсан байна.

“Уг гэрээг байгуулсны 20 жилийн ой тохиож байгаа нь баяр ёслол биш юм. Харин ажил дуусаагүй, арга хэмжээ авах цаг нь болсон гэдгийг сануулж байна” гэж Бан Ги Мүн онцлон тэмдэглэлээ.

ЦТБХГБ гэрээг хүчин төгөлдөр болгох асуудлыг хэлэлцэхээр ирэх зургадугаар сард бага хурал зохион байгуулахаар товложээ. Тус байгууллага бага хуралд оролцох урилгыг Умард Солонгост илгээсэн тухай Зербо мөн дурджээ.

Д.Нямтулга

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг