sonin.mn

Монгол Улс үйлдвэрлэлийн осол, аваарт өртсөний дараа иргэдийг эмчлэх тухай бус түүнээс урьдчилан сэргийлэхэд гол анхаарлаа хандуулах шаардлагатай гэдгийг МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адьяа өнөөдөр болсон “Нэн түрүүнд Хөдөлмөрийн аюулгүй байдал (ХАБ) 2016” хурлын үеэр онцлов.

Олон улсын Хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-аас жил бүрийн 4-р сарын 28-ны өдрийг үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар, амь насаа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэх “Ажлын байрны эрүүл мэнд, аюулгүй байдлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх болсон. Уг өдрийг тохиолдуулан өнөөдөр Монголын уул уурхайн үндэсний ассоциаци (МУУҮА), “Эрдэнэт үйлдвэр” компани хамтран “Нэн түрүүнд ХАБ 2016” хурлыг зохион байгуулав. Уг хуралд Хөдөлмөрийн яам, МҮЭХ, МУУҮА болон холбогдох албаны 300 гаруй төлөөлөгч оролцож, үйлдвэрлэлийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх боломж, гарцын талаар хэлэлцэж байна.

Монгол Улсын хөгжил, дэвшилд уул уурхай, барилгын салбарын гүйцэтгэх үүрэг, байр суурь нэмэгдэж байгаа. Үүнтэй уялдуулан ажил олгогчдын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлмөрчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах нь чухлаар тавигдах болсон. 2015 онд зөвхөн уул уурхайн салбарт үйлдвэрлэлийн 59 осол бүртгэгдэж, 9 хүн амиа алдаж, 2 хүн тахир дутуу болж, 47 иргэн хөдөлмөрийн чадвараа түр алдсан байна. Мөн өнгөрсөн онд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас 3777 иргэн эмнэлэгийн хяналтад байгаагийн 65 орчим хувь нь уул уурхайн салбарт ажиллаж байна. Тиймээс мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг бууруулах, ХАБЭА-г хангаж ажилласан шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулж, урамшуулах болсон юм. Мөн 2015 онд ХАБЭА тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх дүрэм, аж ахуйн нэгж байгууллагад ХАБЭА-н зөвлөл, нэгж ажилуулах норм батлах тухай зэрэг хэд хэдэн журам шинэчлэн баталжээ. Ингэснээр ХАБЭА-н стандарыг олон улсын стандартад нийцүүлэх томоохон алхам болсон юм. Энэ мэтчилэн манай улсад ХАБЭА-н хууль тогтоомж, дүрэм журам хангаллтай байгаа хэдий ч аж ахуйн нэгж байгууллагууд хэрэгжилт зохион байгуулах, үр дүн тооцох асуудал хангалтгүй байгааг гэдгийг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ю.Идэрцогт нээлтийн үеэр онцлов.

Ажлын байрны тоо нэмэгдэж, айл өрх орлоготой болж байгаа ч зэрэгцээд ХАБЭА-н асуудал хөндөгдөж, эрдэнэт хүний ам нас, эрүүл мэндийг хамгаалах нь ажил олгогчийн өмнө тавигдаж буй гол асуудал болсон. Үйлдвэрлэлийн ослын давтамж барилгын салбарт 10 мянган хүн тутамд 10.3 хувь, уул уурхайн салбарт 9.3 хувь, боловсролын салбарт 7.1 хувь, худалдаа үйлчилгээний салбар 5 хувийг эзэлж байгаа аж. 40 сая ажилчинтай Герман, 50 сая ажилтантай Япон Улсад үйлдвэрлэлийн осол ердөө 0.2 хувьтай байна гэсэн судалгааг МХЕГ-аас гаргажээ.

Дэлхийн дундажтай харьцуулахад Монгол улсын үйлдвэрлэлийн осол 8 дахин их байгаа бөгөөд энэ нь ажиллах хүчин багатай улсын хувьд хэт өндөр үзүүлэлт юм. Хуулийн дагуу бол хөдөлмөр эрхлэлтийг эрүүл, аюулгүй зохион байгуулах нь ажил олгогчдын үүрэг. Тиймээс “Нэн түрүүнд ХАБ” гэх энэ уриаг ажил олгогч бүр дагах хэрэгтэй. Гэхдээ ажилтан ч өөрийн аюулгүй байдлаа хангах, үүнийг ажил олгогчоосоо шаардах ёстой. Дэлхий нийт ХАБ-ыг техник, биеийн хүчнээс гадна ажилтны сэтгэл зүйн талаас нь онцгойлон анхаардаг болжээ. Өөрөөр хэлбэл, гэртээ эсхүл өөр газарт бухимдалд орсон, сэтгэлзүйн дарамтад орсон хүн ажилд гарахдаа анхааралгүй ажилладаг байна. Тиймээс Монголын ажил олгогч нар зөвхөн багаж, тоног төхөөрөмжөөр хангаад, зааварчилгаа өгөөд гаргахаас илүү ажилтныхаа сэтгэлзүйн байдлыг судлан, тусламж үзүүлж, тогтворжуулах нь туйлын чухал гэдгийг МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адьяа хэллээ.

Тэрбээ, “Ослын дараа ажилтандаа нөхөн төлбөр олгох, тусламж дэмжлэг үзүүлэх нь чухал. Гэхдээ ийм нөхцөл байдалд хүрэхгүйн тулд урьдчилан сэргийлэх нь маш чухал. Тиймээс маргааш хүртэл үргэлжлэх энэхүү хурлаар урьдчилан сэргийлэх арга замын талаар тодорхой үр дүн гарна гэдэгт итгэж байна” хэмээв.

Ч.Ариунболд

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг