sonin.mn
 
НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “SpaceX” компани 2018 оноос хэтрэлгүйгээр Ангараг гараг руу сансрын хөлөг илгээхээр төлөвлөж байна.
 
Улаан нүдэн гараг руу сансрын хөлөг хөөргөх хөтөлбөрийг “Улаан луу” гэж нэрлэжээ. “SpaceX”-ийн мэргэжилтнүүд мөн Ангараг гараг руу хүн тээвэрлэх сансрын аппарат зохион бүтээхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь тус компанийн урт хугацаанд хэрэгжүүлэх зорилтуудын нэг юм.
“SpaceX”-ийн "Твиттер" сүлжээнд нийтэлсэн мэдээллээс үзвэл “Луунууд” Ангараг гарагийн гадаргууг судлах аж.
 
“Луу-2” сансрын хөлгийг Нарны аймгийн аль ч гараг дээр газарддаг байхаар зохион бүтээжээ. “Улаан луу” ажиллагаа нь ийм нислэгийн анхны туршилт болох юм.
Дээрх хөтөлбөрөө “SpaceX” компани есдүгээр сард болох Олон улсын сансар судлаачдын их хурлын үеэр танилцуулна гэдгээ мэдэгджээ.
Канад-Америкийн бизнес эрхлэгч Илон Маск-ийн эзэмшилд байдаг “SpaceX” компани нь Ангараг руу сансрын хөлөг илгээсэн анхны хувийн компани болж магадгүй байна. Тус компани Улаан нүдэн гараг руу нисэх сансрын хөлгийнхөө загварыг энэ онд багтаан танилцуулах аж.
 
Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг