sonin.mn

СӨҮЛ. /ТASS/. Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компанийн энэ оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны ашиг 6.68 их наяд вон /5.8 тэрбум доллар/ болсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.7 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг тус корпорацийн улирлын тайлан мэдээнд дурджээ.

Харин компанийн цэвэр ашиг өнгөрсөн оны нэгдүгээр улирлынхтай харьцуулахад 13.6 хувиар өсч, 4.6 тэрбум доллар болсон байна. Дурдсан хугацаанд тус компанийн борлуулалтын хэмжээ жилийн дундаж үзүүлэлтээс 5.6 хувиар өсч 43.4 тэрбум доллар болсон нь өмнөх улирлынхаас 6.6 хувиар буурсан үзүүлэлт аж.

Ухаалаг гар утасны борлуулалтын хэмжээ тайлангийн хугацаанд 3.4 тэрбум доллар болж, өмнө нь таамаглаж байснаас 0.4 тэрбумаар өссөн байна. Энэ үзүүлэлт нэлээд өндөр гарсан нь “Galaxy S7” шинэ загварын утас гуравдугаар сард худалдаанд гарсантай холбоотой аж.

Хагас дамжуулагчийн борлуулалтын хэмжээ мөн өсч, 2.3 тэрбум долларт хүрсэн байна. Харин дэлгэцийн үйлдвэрлэлээс 235 сая долларын алдагдал хүлээжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг