sonin.mn
УИХ-ын 2016 оны сонгуульд оролцох субьектүүд тодорч, өөрсдийн мөрийн хөтөлбөр болон бусад материалуудаа албан ёсоор Сонгуулийн Ерөнхий Хороонд өгч эхэллээ.
 
Үүнтэй зэрэгцэн, УИХ-ын сонгуульд улс төрийн намууд эвсэл байгуулах эсэх асуудлууд энэ өдрүүдэд шийдэгдэж байна. УИХ-ын гишүүн Г.Уянгын удирдсан Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Нам Монголын Ногоон Намтай хамтарч, "Нэгдмэл Монгол" эвслийг байгуулах нь тодорхой болсон. Мөн УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярын удирдсан Хамуг Монголын Хөдөлмөрийн Нам Эх орончдын Нэгдсэн Намтай хамтарч "Их Монгол" эвслийг байгуулахаар ажиллаж буй аж. Уг эвсэлд эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү багтсан байна.
 
Эдгээрээс өөр эвсэл байгуулагдах магадлал маш муу болсон бөгөөд "Шударга ёс" эвслийг бүрдүүлж байсан МАХН, МҮАН ч УИХ-ын сонгуульд тусдаа оролцох болжээ.
Уг нь М.Энхсайханы удирдсан МҮАН , Н.Энхбаярын удирдсан МАХН-д эвсэл байгуулж, хамтран ажиллах санал тавьсан ч МАХН татгалзсан байна. Харин МАХН ИЗНН-д эвсэл байгуулж, УИХ-ын сонгуульд оролцох санал тавьсан ч тус намын дарга С.Оюун, С.Дэмбэрэл нар татгалзжээ.
 
С.Оюун АН-д ИЗНН-ыг нэгтгэх хүсэлтэй байгаа бол С.Дэмбэрэл ХҮН-тай эвсэл болохыг дэмжиж буй аж. Үүнийг ч батлан, МАХН-ын дарга Н.Энхбаяр: "Манай нам Ногоон намтай эвсэх тухай асуудлыг ярьж байсан. Ногоон нам Тусгаар тогтнол эв нэгдлийн намтай эвсээд тамгаа барьцаалуулчихсан гэж дуулсан. Тийм учраас Ногоон намтай эвсэх тухай асуудлыг дахин яриагүй. Өчигдөр ИЗНН-тай эвсэх тухай асуудлыг ярилцаж намын дарга С.Оюун, Ц.Ганхуяг нартай уулзсан. Ц.Ганхуяг дарга нь манай намтай эвсэх сонирхолтой байгаа. Ажлын хэсэг байгуулсан гэдгээ ч хэлсэн. Харин С.Оюун, С.Дэмбэрэл дарга нь өөр, өөр байр суурьтай байгаа юм билээ.
 
С.Оюун даргын хувьд Ардчилсан намтай нэгдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс өөр намтай эвсэх тухай асуудлыг дэмжихгүй байгаа гэсэн байр суурийг илэрхийлсэн. Ингээд бид ойлголцоод, энэ асуудал мухарлагдсан. Бид хуулинд нийцүүлээд өчигдөр орой 17.00 цагаас Бага чуулганаа хуралдуулаад 19.00 цагт дангаараа сонгуульд оролцоно гэсэн байр сууриа баталгаажуулаад бичиг баримтаа бэлдсэн. Маргааш СЕХ-нд энэ асуудлаа албан ёсоор хуулийн дагуу, хугацаанд нь өргөн барина.  
 
МҮАН-ынхан хоёрдугаар сарын 6-ны өдөр хуралдаад намын удирдах зөвлөлөө хуралдуулаад 2016 оны УИХ-ын сонгуульд Шударга ёс эвслийн бүлгийг энэ хэлбэрээр нь хадгалах боломжгүй гэж үзсэн байгаа. Сүүлд албан бус маягаар уулзахад өөр намтай эвсэх тухай яригдаж байгаа бол бид гуравдагч юм уу, дөрөвдэх нам болж хамт орох саналтай байна. Нэгэнтээ МҮАН энэ хэлбэрээрээ сонгуульд оролцох боломжгүй гэж зарласан учраас бид хамтарч оролцохгүй гэсэн." гэсэн аж.   Эх орон Намын хувьд ч МҮАН-тай эвсэл байгуулах саналаасаа буцсан бололтой.
 
П.Мандах