sonin.mn
 
Москва хотноо ОХУ-ын БХЯ-наас 5 дахь жилдээ зохион байгуулж буй "Олон улсын аюулгүй байдлын тухай Москвагийн конференц" өчигдөр буюу энэ сарын 27-нд эхэллээ.
 
 
Энэ жилийн хуралд дэлхийн 80 гаруй улс орнын 500 орчим өндөр хэмжээний зочид хүрэлцэн ирсний дотор 17 орны Батлан хамгаалахын сайд, 14 орны ЗХЖШ-ын дарга нар, төрийн засгийн төлөөлөгчид, мэргэжилтнүүд, эрдэмтэд багтжээ. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хоёр орлогч дарга, "Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага", "Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд", "Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллага", "Арабын холбоо" болон "Олон улсын улаан загалмайн хороо"-ны төлөөлөгчид хүрэлцэн иржээ.
 
Манай улсаас  УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Батлан хамгаалах яаны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр нарын албаныхан оролцож байна. Хурлаар олон улсын терроризмтай тэмцэх асуудлыг голлон ярилцана. Ази-Номхон далайн орнуудын аюулгүй байдал, Европын цагийн байдал, аюулгүй байдлыг хангахад дэлхий дахины өмнө тулгарч буй бэрхшээлүүд,  ялангуяа Ойрх дорнод, Төв азид үүсээд буй нөхцөл байдлуудыг ч нухацтай хөндөнө. 
 
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгу "Бид энэ удаагийн хурлаар дэлхий дахины аюулгүй байдалд нөлөөлж болохуйц хамгийн чухал сэдвүүдийг ярилцах болно. Терроризм бол бидний хамгийн нэгдүгээр асуудал болоод байна. Тухайлбал Египетэд оросын онгоцыг дэлбэлсэн явдал, Европт үйлдсэн цуврал террорист халдлага, түүнчлэн Ойрх дорнод, Афганистан, Ази-Номхон далай болон Төв азийн орнуудад үүсээд буй нөхцөл байдлыг дурьдаж болно. Террористуудтай ямар нэгэн байдлаар холбогдох, ялангуяа тэднийг сайн муугаар нь ялгааж хуваагаад, өөрсдийнхөө сайн гэж үзсэн хэсгийг зэвсэглэж байгаа явдал бол буруу үйлдэл гэж харагдахаас илүүтэйгээр гэмт хэрэг юм. Түүнчлэн Оросын эсрэг мэдээллийн дайныг хүчтэй, тууштай явуулж байна" хэмээн мэдэгдэв.
 
Оросын ГХЯ-ны сайд Сергей Лавров  "Гадаад хэргийн яамны нэг чухал зорилгын нэг бол терроримзтай тэмцэх явдал юм. Бидний хамгийн түрүүнд хийх ёстой ажлын нэг бол энэхүү терроризм тэлж томроод "Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд" руу орохоос урьдчилан сэргийлэх явдал юм. Оросын нисэх хүчний тусламжтайгаар Сирийн засгийн газрын цэргүүд 500 орчим хот, тосгод бүхий 5000 кв/км газар нутгийн чөлөөлсөн. Бид "Исламын улс"-ын санхүүжилт босгож буй эх үүсвэрүүдийг устгах ажиллагаагаа үргэлжүүлэх явуулах ёстой. "Палмира" чөлөөлсөн нь зэвсэгт мөргөлдөөнд гарсан хамгийн чухал зүйл гэж үзэж байна" гэв. Хурал  хоёр хоног үргэлжлэх юм байна.
 
Ж.Батсайхан

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг