sonin.mn

ПАРИС. /TASS/. Францын Үндэсний хурал сүүлийн хоёр жилийн хугацаанд анх удаа ОХУ-д авсан хориг арга хэмжээний талаар санал хураалт явуулжээ.

Санал хураалтад парламентын доод танхимын 577 депутатаас 99 нь оролцсон байна. Дээрх тогтоолыг батлахыг депутатуудын 55 нь дэмжсэн бол 44 нь эсэргүүцжээ. Энэ тогтоол нь зөвлөмжийн шинжтэй бөгөөд Францын удирдлага заавал биелүүлэх ёсгүй аж.

Бурбоны ордонд болсон нэгдсэн хуралдаанаар санал хураасан байна. “Францчуудын дийлэнх нь хоригийг цуцлахын төлөө байна” гэж Францын нийслэлээс парламентад сонгогдсон депутат, Ерөнхий сайд асан Франсуа Фийон онцлон дурджээ.

2007-2012 онд Францын Засгийн газрыг тэргүүлж байсан түүний үзэж буйгаар, парламентын гишүүдийн энэ байр суурийг сайд нарын одоогийн танхим үл ойшоох нь юу л бол. Тэгээд ч эрх баригч Социалист намын хэд хэдэн төлөөлөгч хоригийг цуцлах санал өгсөн юм.

“Тогтоолыг авч хэлэлцэхгүй байх нь ардчиллыг үгүйсгэж байгаа хэрэг болно" гэж нэртэй улстөрч тэрбээр анхаарууллаа. 

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг