sonin.mn
В.В.Путины Орос орныг нэг хараад ирье гэж түрүүчийн удаа бичээд хойшоо мордсон билээ. Москваг Кремльтэй нь ба томоохон зочид буудлууд, зоогийн газартай нь би хуучин үеэс мэдэхгүй биш боловч хувьсаж өөрчлөгдсөн, тэлж өргөжсөн нь тун чиг их юмаа.
 
Олон улсын Шереметьево нисэх буудлаас хот ортол нэг цаг шахам зэлүүд ой дундуур давхидаг байсан бол одоо зайгүй шахам барилгажжээ. Барилгажуулах хурдцын хувьд капитализм үнэхээр гайхамшигтайг бид Монголдоо ч харж байна. Ялгаа нь гэвэл, оросууд хот байгуулалтын гэдэг чухал ухаанаа мартаагүй байна. Москва угаас 6-8 эгнээ өрген замтай хот. Хөдөлгөөн эрс ихэссэн нь харагдах боловч түгжрэлтэй огт тааралдсангүйд гайхлаа. Хуучин үеийнхээс ч илүү чөлөөтэй болжээ гэмээр сэтгэгдэл төрлөө. Хот байгуулалтын нарийн тооцоо, эмх журмын л асуудал юм даа.
 
Хуучин үед юм. Германы цэрэг Москвад хамгийн ойртсон зааг газар танк эсэргүүцэх зарааны дурсгалын хөшөө босгоод байв. Сэнгийн Эрдэнэ баавай бид хоёр онгоцноос буугаад нэг машинд сууж явтал хотын захад олон зараа харагдлаа. Мань хүн, ах нарыг энд хүртэл цохино гэдэг мөн их хүч шүү гэж бахархалтай ч гэмээр дуугарч билээ. Одоо тэр олон зараа хотын дотор гүн ороод зөвхөн гурвыг үлдээж өндөр тавцанд байрлуулжээ.
 
Танк эсэргүүцэх зарааг маш энгийн мөртөө туйлын оновчтой зохион бүтээлийн жишээ гэж үздэг юм. Дайны эхний өдөр зөвлөлтийн нэг генерал бодож олсон хориглолтын энэ хэрэгслийн учир начрыг хүүхэд залуучууд сэтгэвээс сургамжтай.
 
Хол ойрын аялал гэж сайхан юм байдагсан. Гэтэл одоо террористуудын харгайгаар хэцүү болчихож. Чингис хаан буудлаас гарахад миний гутлыг тайлуулж үзэв. Москвагаас гарахад бас тайлуулсан. Тэгээд ирэхдээ гутлаа үдэлгүй бэлэн байдлаа хангасан. Би хагас түрийтэй олон үдээстэй гутал өмсдөг хүн л дээ. Зочид буудалд орох гарах тоолонд хоёр давхар хяналт шалгалт өнгөрч байна. Сүүлдээ ерөөс ямар нэг металл юмнаас өөрөө айдаг болчихдог юм байна. Бүх юмаа гаргаж хаяад байхад ч миний дотор нэг юм үлдээд байгаа юмуу гэлтэй. Нэг шалгагч бүр хэлж байна, "Энэ хүний баруун зүүн хоёр талд нэг юм байгаад байна даа гэж. Гэвч энэ бүхний үр дүнд миний ба бусдын ерөнхий аюулгүй байдал хангагдаж буйг ойлгож л явлаа. Оросын нийт байдалд сонор сэрэмж, анхаарал болгоомж ноёлж байна.
 
Том бага хотуудын гудамж талбайд нүд эрээлжлүүлсэн олон зар реклам огт алга. Зөвхөн нэр хаяг л тод үзэгдэнэ. Үсэг бичгийг маяглуулсан, элдэв марзан зураг дүрс харуулсан нь алга. Арга маяг нь төлөв даруугийн цаана өндөр түвшний соёл ахуй, цэгц журам аргагүй мэдрэгдэнэ. Гэрэл дохионууд нь унаатай, явган хүмүүст ялгаагүй их тохиромжтой юм гэх мэт. Харьцуулваас, Улаанбаатар маань... гээд орхису.
 
Баруунаас Орост тавьсан хорио цээрийн улмаас ямар нэг хомсдол үүссэн нь мэдэгдсэнгүй. Байдаг, байх ёстой бүхэн байж л байна. Хол ойрын зочид жуулчид хөлхөж л байна. Москвагийн “Космос” зочид буудал агуу том юм. Бага, дунд ангийн хүүхдүүд хэсэг бүлгээрээ зохион байгуулалттай их зорчих юм. Дотоодын зорчигчдын дийлэнх нь хүүхдүүд юмуу гэлтэй. Оросын нийгмийн тухайд энэ нэг юм хэлээд байна. Энэ бол нийгмийн гүн дэхь өсөлт хөгжилтийн дүр зураг, үндэсний бодлого, зорилгын илрэл.
 
Кремлийн дотор гадна байдгаараа байна. Ленин багшийн бунханд хүмүүс тасралтгүй цуван орж гарсаар л байна. Бид ч орлоо. Хүний ба өөрийн түүхэнд хүндэтгэл үзүүлэх нь зүйн хэрэг. ОХУ-ын Ерөнхийлөгчийн өргөөний өмнө талд ямар нэг барилгын ажил бэлтгэгдэж харагдана. Ус сувгийн засвар төдий л ажил болов уу. Барууны сэтгүүлчид бол В.В.Путин дайн хийх гээд нуувч ухаж байна гэх байх. Сүүлийн жилүүдэд би энэ Барууны сэтгүүлзүйд дур гутдаг болсон. Би 1990 онд Барууны сэтгүүлзүйн дээд курсыг анх төгссөн монгол сэтгүүлч тул Барууны сэтгүүлзүйг ажиглаж шинжих, сайшаах муушаах бүрэн эрхтэй. Улс төр нь мунгинасан, бичлэг нь хүртэл муудсан гэж хэлмээр байна.
 
Останкины ТВ-цамхагийн 337 метр өндөрлөгт гарахул Оросын нийслэлийг нэлээд өргөн тойргоор харах, дурандах бололцоотой юм. Москва сити гэх өндөр барилгуудын цогцолбор харагдах нь толгой баян компаниудын байр сав гэнэ. Уран барилгынх нь хувьд нэг их онцгой сэтгэгдэл төрсөнгүй. Ер архитектурын ухаанд үзэхдээ, оросын үндэсний уламжлалт барилга гайхамшигтай, харин бусад барилгын зүйлд олигтой явдаггүй гэдэг. Энэ ч ортой нь энэ зургаас харагдана. Иймэрхүү барилга бол үндэсний өвөрмөцгүй дууриамал эклектик стиль юм.
 
Оросын умард нийслэл Санкт- Петербургт анх удаа хөл тавилаа. Дэлхийн жинхэнэ сайхан хотын нэг гэдэг нь үнэхээр үнэн юм байна. Хаант Оросын гол төв дурсгалууд тэнд,болон түүний орчин тойронд оршин байна. Алдарт Петергоф ордон ба парк, Екатерина хатан хааны ордон ба парк, цар хэмжээгээрээ дэлхийд дөрөвдүгээрт жагсдаг суут уран барилга Исаакийн сүм, далайн цэргийн уламжлалт төв Кронштадт гээд очихоор үл барам, орой дээр нь гараагүй дурсгал бараг үлдээсэнгүй гэж хэлж болно. Исаакийн сүмийн оройд гарахад 201 шат алхана. Оросын ордон, музей, сүмүүд бол байгалийн шар алт, хүний оюуны цагаан алтаар эн тэнцүү бүтсэн хосгүй дурсгалууд юм. Алтны дэргэд гууль шарладаг бол шарлахаар тойрч аялан үзлээ.
 
Алдарт Эрмитажийг бүрэн үзнэ гэвэл сарын ажил, судлана гэвэл олон жилийн ажил боловч сонирхсон зарим хэсгээр дайрч өнгөрлөө. Монголын түүх, соёлын хамгийн үнэт дурсгал, эх сурвалж Чингисийн чулуу хэмээх боржин хөшөөнд мөргөлөө. Нэлээд дэлгэрэнгүй тайлбар зүүсэн боловч бичээсийг хуулбарлан сийрүүлж үзүүлсэнгүй байна. Үзэсгэлэнд дөрвөлжин бичгийн гэрэгэ байх боловч монгол бичгийн мөнгөн гэрэгэ тавигдаагүйг дутагдал гэж үзэхээс өөрцгүй. Монголын талаас Монголын үзмэрүүдийн тухайд ярилцаж зөвлөлдөх шаардлага Эрмитаж болон ер Европ зүгийн бусад том музейн хувьд бий юм.
 
Ер нь Монголын олон сонин үзмэр чухамхүү Их Петр хааны үндэслэсэн Кунсткамер музейд байх боловч барилга нь засвартай энэ тэр шалтгаанаар үзэж амжсангүй.
Энд нэг зүйлийг онцлон дурдууштай нь Еврази, евразизмийн сэдэв. Энэ нь Оросын нийгмийн оюун сэтгэлгээний хүрээнд голчлон анхаарах болсон улс төр-үзэл суртлын ерөнхий сэдэв. Еврази дахин бол ердөө л Монголын Эзэнт гүрний нутаг дэвсгэр. Тиймээс хэрэв евразизм суртал, номлолыг эрхэмлэх бол түүний гал голомт, өлгий газар нь Монгол юм. Евразизмын бэлэг тэмдэг нь эртнээс грифон гэх домгийн амьтан байсан гэж үздэг юм. Энэ грифоны эх сурвалж дүрсүүд нь чухам Монгол газрын хадны зурагт бишгүй олон тохиолдоно. Эрмитажид бол Төв Азийн дараах баримал бэлхнээ байна.
 
Санкт-Петербургээс миний олж авсан грифон сувенир бол оросын нийгэм-улстөрийн сэтгэлгээний бодит нэгэн илрэл юм. Орчин үеийн олон улсын тавцан дахь гол өрсөлдөөн, зөрчил юу байна вэ? Өрнийн англи- саксон ертөнц ба Дорнын Еврази дахин гэсэн даяар түвшний хосмол үүсч, сөргөцөн зогсож байна.
 
Орост Орос-Монголын түүхэн хэлхээ холбоо, ээдрээ зангилааны тухайд их анхаарч, шинээр нарийвчлан судлах болсон нь илэрхий. Сүүлийн 25 жилийн утга зохиол үүнийг үгүүлнэ. Нэгдсэн ерөнхий дүгнэлт нь юув гэвэл, нэгдсэн Орос орон байгуулагдсан ба өнөө дэлхийн их гүрний цар түвшинд оршин буй нь Чингисийн Монголын сайн муу бүхий л нөлөөллийн үр дүн гэж нийтлэг хүлээн зөвшөөрч буйд оршино.
 
Гэтэл өнөөдөр Москва, Санкт- Петербургийн орчин ахуйд Монголын нөлөө тусгал огт алга, ор тас үгүйлэгдэж байна. Энэ тухайд санаж сэдэх, ярьж хэлэлцэх юм их байх шиг байна гэснээр энэ удаа эцэслэе.
 
 
Судлаач Ч.Эрдэнэ