sonin.mn
 
БРЮССЕЛЬ. /TASS/. Европын бүлэг буюу еврогийн бүсийн Сангийн сайд нарын зөвлөл тавдугаар сарын 9-нд Бельгийн нийслэл Брюссель хотод хуралдаж Грекийн асуудлыг хэлэлцэнэ.
 
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ тухай тус бүлгийн тэргүүн Йерун Дейсселблум пүрэв гарагийн орой Грекийн Сангийн сайд Эвклидис Цакалотост мэдэгдсэн байна.
 
Дөрөвдүгээр сарын 28-нд явуулахаар товлоод байсан дээрх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсныг Дейсселблум дөрөвдүгээр сарын 26-нд мэдэгджээ. Уг хурлын үеэр Грект  санхүүгийн тусламж үзүүлэх гурав дахь хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаарх тайланг хэлэлцэн батлах ёстой байсан бөгөөд энэ нь уг хөтөлбөрийн хүрээнд Грект зориулж цаашид хөрөнгө мөнгө төсөвлөн гаргахад зайлшгүй шаардлагатай юм.
 
Европын Холбоо болон Грекийн хооронд хоёр долоо хоногийн дотор гэрээ байгуулах  ёстой гэж Дейсселблум пүрэв гарагт “BNR” радиостанцад ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Түүний хэлснээр,  өрийн дарамтыг хөнгөвчлөх болон Грекийн зүгээс нэмэлт баталгаа өгөх гэсэн хоёр чухал асуудлыг хэлэлцэж байна. 
 
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг