sonin.mn
 
Гишүүдийн ирц сул байсан тул УИХ-ын өчигдрийн чуулган цагтаа эхэлсэнгүй. Чуулганы эхэнд хуульч гишүүдийн зүгээс Цэцийн 05 дугаар дүгнэлтийг яаралтай хэлэлцэх хэрэгтэйг анхааруулж “Шударга ёс” эвслийн бүлгээс тайлбар хүслээ.
 
 
Хуралдааны үеэр УИХ-ын дарга З.Энхболд “Цэцийн дүгнэлтийг яаралтай хэлэлцэж шийдэх шаардлага байна. Холбогдох газрууд нь анхаар. Цэцийн дүгнэлтийг маргааш хэлэлцэх боломжоор хангахыг хүсье” гэсэн юм. Үүний хариуд “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ “Өнөөдрийг хүртэл “Шударга ёс” эвслийн бүлгээс хэн нэг гишүүн дур зоргоор авирлаж завсарлага авсан шалтгаан байхгүй. Асуудал тавьчихаад алга болсон юм алга. Манай эвслийн бүлэг хуралдаагүй, ажлын хэсэг ажиллаж байна. Бүлгийн дотоод асуудал руу хэн нэгэн хөндлөнгөөс орж ирж, хурдлуулах, хутган үймүүлэх юм хийж болохгүй. Ямар ч байсан тав хоногийн завсарлага авсан. Тав хоногийн дотроо шийднэ” гэсэн тайлбар өглөө.
 
Дараа нь Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулсан илтгэлдээ хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж тодорхой чиглэлээр өөрчлөлт оруулах саналыг нэгдсэн хуралдаанд оруулж буйгаа хэллээ.
 
Уг хуулийн төсөлтэй холбоотой гишүүдийн зүгээс галт зэвсгийг хэн, хэрхэн, ямар нөхцөлд хэрэглэх асуудлыг нарийвчлан тусгаж өгөх нь чухал гэдэг саналыг хэлсэн. Мөн энэ нь ямар хуулиар зохицуулагдах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн хүний эрхийг хамгаалах нөгөө талаас хууль сахиулах байгууллагын ажилтны улс төр, эдийн засаг, эрх зүйн баталгаа, аюулгүй байдлыг тэнцвэртэй хангах  эрхийн асуудал хуулийн төсөлд хэрхэн зохицуулагдсан, хууль сахиулах чиглэлийн хууль журмуудыг нэг стандартад оруулан адилтгаж жигдрүүлсэн эсэх талаар тодруулж асууж хариулт авав. Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хурааж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм.
 
Д.Гэрэл
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин