sonin.mn

РИГА. /TASS/. Латви улсын цагдаа нар Рига хотод АНУ-ын мөнгөн тэмдэгтийг ялгахын аргагүйгээр хуурамчаар үйлдвэрлэсэн байсныг илрүүлжээ. Баривчлагдсан хүмүүсээс 3.5 сая хуурамч доллар хураан авсан байна.

Хуурамч дэвсгэртүүдийг Рига хотын нэгэн үйлдвэрээс илрүүлсэн гэж Латви улсын Цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Петерис Бауска хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. Гэхдээ цагдаа нар чухам аль үйлдвэрээс илрүүлснийг хэлсэнгүй. Хуурамч мөнгөн тэмдэгтүүдийг маш өндөр чанартай үйлдвэрлэсэн байсан учир тусгай сканерын тусламжтайгаар жинхэнэ дэвсгэртээс ялгажээ.

Латвийн цагдаа нар АНУ-ын эрх баригчид болон Европын Холбооны цагдаагийн албатай хамтран явуулсан мөрдөн шалгах ажлын хүрээнд нийтдээ 13 ажиллагаа явуулах явцад хуурамч мөнгөн тэмдэгтүүдийг илрүүлж, үйлдвэрлэдэг тоног төхөөрөмжүүдийг нь хураан авсан байна. Энэ хэргээр 7 хүнийг саатуулсны дөрвийг нь баривчлан хорьжээ. Тэдний хөрөнгийг хурааж, 10 жил хүртэл хорих ялаар шийтгэж магадгүй юм.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг