sonin.mn

 

Сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ АТГ-т мэдүүлдэг хуультай. Сонгуульд бие даан нэр дэвшигчид өөрсдийгөө тодруулж, Намууд мөрийн хөтөлбөрөө  СЕХ-д өгч эхэлсэн энэ үед АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээс тодруулга авлаа.

 Авлигын эсрэг хууль, ашиг сонирхлын зөрчлийн хууль тогтоомжид хуулийн үйлчлэлд хамрагдах субъектийг тодорхой зааж өгсөн. Бүх шатны сонгуульд нэр дэвшигч хуулийн үйлчлэлд хамрагдах тул УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын, мөн сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах үүрэгтэй. 

-Нэр дэвшигчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ АТГ-т гаргаж өгөхөд юу бүрдүүлэх вэ?

-Тухайн сонгуульд нэр дэвшигч нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нэр дэвшигчээр бүртгүүлэхдээ өөрийн намтар, өр төлбөргүй буюу ял шийтгэлгүй талаарх тодорхойлолт, хөрөнгө, орлогын мэдүүлэг болон бусад шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлж харьяалах сонгуулийн тойргийн болон хэсгийн хороодод бүртгүүлдэг. Жишээ нь УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн тойргийн хороонд, бүх шатны ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд хүсэлтээ гаргаж бүртгүүлнэ. Мөн Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт зааснаар Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн нэгдсэн дүн гарсны дараа буюу тухайн сонгуульд сонгогдогчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг санал хураалт дууссанаас хойш 14 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт ирүүлж, хадгалуулна. 

- АТГ нэр дэвшигчдэд зориулж ямар ажил зохион байгуулж байна вэ? 

-Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагаатай холбогдуулан Авлигатай тэмцэх газраас Сонгуулийн ерөнхий хороотой хамтран нэр дэвшигчдэд зориулсан хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргахад анхаарах асуудлын талаар гарын авлага, зөвлөмж гаргахаар ажиллаж байна. 

 -Сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн тохиолдолд АТГ ву хийх вэ? 

-Дээр дурдсанаар сонгуульд нэр дэвшигч нь Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамрагдаж байгаа. Хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах хэд хэдэн үндэслэл байдаг. Тэгэхээр сонгуульд нэр дэвшигчтэй холбоотой асуудлаар, эсвэл түүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгуулахаар тус газарт гомдол, мэдээлэл ирсэн тохиолдолд хуульд заасан чиг үүргийн дагуу тухайн нэр дэвшигчийн мэдүүлгийг шалгах үндэслэлтэй. Тиймээс нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргахдаа өөрийн болон гэр бүлийн гишүүдийн нэр дээрх орлого, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө зэрэг маягтад дурдсан орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх шаардлагатай юм. 

Ж.Батсайхан

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг