sonin.mn

Өнөөдөр Үндэсний бичиг соёлын өдрийг тохиолдуулан харааны бэрхшээлтэй хүмүүст зориулан бүтээсэн DAISY/дэйзи/ болон брайль номын нээлт Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын санд боллоо.

Нээлтийн ёслол нь Марракешийн гэрээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БСШУЯ-ны дэмжлэгтэйгээр харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан DAISY сонсох хэлбэрээр болон брайл ном, бүтээлийг хүлээлгэн өгөх, олон нийтэд хүртээмжтэй хэлбэрээр хэвлэн нийтэлсэн бүтээлийн ач холбогдлыг сурталчлан таниулах үйл ажиллагаа гэж болно.

Харааны бэрхшээлтэй иргэдийн хувьд унших эрэлт хэрэгцээ нь хязгаарлагдмал учраас Улаанбаатар хотын төв номын сан уншигчдын хүсэл сонирхлын судалгааг үндэслэж 2004 онд “Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан уншлагын танхим”, 2010 онд олон улсын стандартад нийцсэн сонсдог ном бүтээх “Дэйзи” студи байгуулж ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд тус студид 128 нэрийн ном бүтээснээс 2015 онд Монгол Улс Марракешийн гэрээнд нэгдсэн учраас БСШУЯ-ны дэмжлэгээр 50 нь өнөөдөр харааны бэрхшээлтэй иргэдийн гар дээр очиход бэлэн болжээ.

Дашрамд дуулгахад, Марракешийн гэрээ нь харааны бэрхшээлтэй болон хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүмүүст зориулсан ном хэвлэлийг хүртээмжтэй хэлбэрээр хэвлэн нийтлэх, тэдэнд нийгэм соёлын амьдралд оролцох боломж олгох, утга зохиол, урлагийн бүтээл сонирхох, судалгаа шинжилгээ хийх эрхээ хэрэгжүүлэх, ШУ-ы хөгжил дэвшлийн үр шимийг хүртэх, хүртээмж, тоог нэмэгдүүлэх, бүтээлийн түгээлтийг сайжруулах харилцааг зохиогчийн эрхийн олон улсын хууль тогтоомжтой нийцүүлсэн гэрээ юм.

Уг гэрээнд дэлхийн 15 улс нэгдсэн бөгөөд Монгол Улс 10 дахь улс юм. Энэ нь Хүний эрхийн түгээмэл тунхаг болон Үндсэн хуульдаа заасан хүн бүр сурч боловсрох эрхээ хэрэгжүүлж буйн бодит жишээ гэж болно. Нээлтийн ёслолд БСШУЯ-ны Соёлын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр, Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат болон Үндэсний номын сан болон 21 аймгийн номын сангийн эрхлэгчид Монголын хараагүйчүүдын үндэсний холбоо, харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуулийн багш, сурагчид оролцлоо.

Д.Өлзий

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг