sonin.mn
 
 
 
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан энэ 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын иргэний харьяаллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
 
 Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан танилцуулав.
Монгол Улсын Үндсэн хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэний харьяалал хийгээд харьяат болох, харьяатаас гарах үндэслэл, журмыг гагцхүү хуулиар тогтооно” гэж зааснаар Монгол Улсын иргэний харьяаллын асуудлаар төрөөс баримтлах бодлогын эрх зүйн суурь үндэс бүрдсэн.
 
Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Харьяатын тухай хуулийг 1995 онд баталсан бөгөөд тус улсын нийгэм, эдийн засгийн амьдралд гарсан өөрчлөлт, шинэчлэлийн дүнд шинэ тутам бий болсон харилцааг зохицуулах зорилгоор нийт 4 удаагийн өөрчлөлтийг оруулсан хэдий ч өнөөгийн нийгмийн шаардлагыг бүрэн дүүрэн хангаж чадахгүй байна. Тухайлбал, Монгол Улсын төр, иргэн хоорондын эрх зүйн тогтвортой холбоог баталгаажуулсан, тус улс иргэнээ алддаг бус авч үлдэх бодлогыг тодорхойлсон эрх зүйн суурь зохицуулалтыг цаг алдалгүй хуульчлахгүй бол 1995 оноос өнөөг хүртэл хугацаанд /2015 оны 12 дугаар сарын байдлаар/ давхар харьяалал үүсгэсэн 16000 орчим насанд хүрсэн иргэн /тэдгээрийн 80 орчим хувь нь эмэгтэйчүүд/, 6000 орчим хүүхдийн иргэний харьяаллын зэрэг асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл үүсч байна.
 
Иймээс Харьяатын тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуулийн 15 дугаар зүйл, Улсын Их Хурлаас 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д нийцүүлэн шинэчлэн найруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж Монгол Улсын Иргэний харьяаллын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан илтгэлдээ дурдав.
 
Түүнчлэн улс орны эдийн засаг, соёлын харилцааг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх, Монгол Улсын иргэний харьяаллын тухай хуулийн төслийн үзэл баримтлал, агуулгатай уялдуулах үндсэн зорилгоор хуульд заасан тодорхой шалгуурыг хангасан этгээдийн тус улсад зорчих, оршин суух болон харьяат болохтой холбогдсон харилцааг зохицуулсан хэм хэмжээг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэхээр тусгажээ.
 
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа “ Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын төр, хувь хүн хоорондын эрх зүйн тогтвортой холбоог тодорхойлж, Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, харьяаллаа алдах, иргэний харьяаллыг сэргээн тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад чиглэж байгаа.
 
Монгол Улс өнөөдрийг хүртэл иргэнээ гадагш алддаг байсан бол энэ хуулийн төслөөр иргэнээ алддаггүй байхыг гол зарчим болгож байгаа. Өнгөрсөн 20 жилд 59 мянган хүн Монгол Улсын иргэний харьяаллаас гарсан бол 221 хүн манай улсын харьяат болсон, манай 16 мянган иргэн давхар харьяалалтай байна. Мөн 252 хүүхэд гадаадын иргэний гэр бүлд үрчлэгдсэн байна. Тиймээс тэдгээр хүүхдүүд манай улсын нэгдэж орсон олон улсын конвенцийн дагуу 18 нас хүртэл иргэний харьяаллаа алдахгүй байх, Монгол Улсын иргэнээ хадгалдаг тогтолцоог нээж өгөх бодлого барьж байгаа.
 
Түүнчлэн хүн ам цөөнтэй манай улсын хувьд улс орныхоо хөгжлийг урагшлуулах, хүн амаа нэмэгдүүлэх, соёл уламжлалаа хадгалж түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх үүднээс дэлхийн бусад оронд байдаг арга хэлбэрийн дагуу иргэний харьяаллын асуудалд хөх үнэмлэхийг ашиглах зохицуулалтыг төсөлд тусгасан.
 
Хуулийн өөр нэг чухал үзэл баримтлал нь Монгол Улсын иргэн нэгэн зэрэг гадаад улсын харьяат байхыг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзсэн явдал юм. Хэрэв Монгол Улсын иргэн давхар харьяалалтай болсон бол тухайн гадаад улсын иргэний харьяаллыг нь хүлээн зөвшөөрөхгүй. Гадаадын иргэн Монгол Улсын харьяат болохыг хүсвэл тухайн улсынхаа иргэний харьяаллаас гарсан байхаар зохицуулсан” гэлээ.
 
Монгол Улсын иргэний харьяаллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.