sonin.mn
УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Ч.Улаан нар МАХН-ыг орхиж, МАН-ын гишүүнээр дахин элсэх нь тодорхой болсон, гагцхүү тохиромжтой цаг хийгээд үндэслэл, шалтаг л хэрэгтэй байсан, үүнийгээ ч олсон тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. 
 
Энэ ч ёсоор болж буйг УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагвын өнөөдөр "Өдрийн сонин"-д нийтлэгдсэн ярилцлага баталж байна. Тэрээр МАХН, МАН-тай эвсээгүй шийдвэрийн талаар: " Үнэндээ ард түмнийхээ санал хүсэлтийг үл тоож, намын гишүүд, дэмжигчдийнхээ итгэлийг хөсөрдүүлж, явцуу эрх ашигт хүлэгдэж, шийдвэрээсээ буцсанд үнэхээр бухимдаж, дургүй хүрч байна.
 
Нам гэдэг нэг хүний үзэл бодлоор бүхий л асуудлыг шийддэг биш олонхоороо ярилцаж, хэлэлцэж, шийдвэр гаргадаг байх ёстой." хэмээгээд  мөн " Намын жагсаалт гэсэн халхавчийн ард улс төрчил нуугдаж парламентын гишүүн болдгийг олон түмэн шүүмжилж, өөрчлөхийг хүсч байхад "Шударга ёс" эвслийн бүлэг хүртэл завсарлага авч гацааж байна. Энэ мэт шударга бус үйлдэл, шийдвэр нь "Шударга ёс" эвслийн бүлгээс гарахыг шахаж байна" гэж дуусгажээ.
 
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Д.Тэрбишдагва УИХ дахь МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгээс гарах хүсэлтээ тун удахгүй албан ёсоор өгөх гэнэ. Энэ тохиолдолд УИХ дахь МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг татан буугдах юм. Учир нь тус бүлэг одоогийн байдлаар 8 гишүүнтэй болоод буй билээ.
 
Ч.Явуу