sonin.mn

ТАЙПЕЙ. /NHK/. Япончууд загас агнуурын усан онгоцыг нь саатуулж байгаатай холбогдуулан Тайванийн тал Японы хамгийн өмнөд хэсгийн арлын орчим руу эргүүлийн усан онгоцыг өөр нэгэн хөлөг онгоцны хамт илгээжээ.

Тайванийн эрх баригчид 1000 тонны усан түрцтэй эргүүлийн хөлөг онгоц, загас агнуурын сургалтын усан онгоцыг Гаосюн боомтоос Окинотори арлын орчмын ус руу ням гарагт илгээсэн байна.

Тайванийн Засгийн газар далайд үйл ажиллагаа явуулах загас агнуурын усан онгоцнуудын эрхийг нь тууштай хамгаална гэж тус улсын эргийн хамгаалалтын алба мэдэгджээ. Эргүүл хийх ажиллагаа бүтэн сар орчим үргэлжлэх аж.

Японы Эргийн хамгаалалтынхан өнгөрсөн сарын 25-нд Тайванийн загас агнуурын хөлөг онгоцыг саатуулж, Окинотори арлаас холгүй эдийн засгийн онцгой бүсэд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан гэж усан онгоцны ахмадыг нь буруутгажээ.

Тайванийн Ерөнхийлөгч Ма Ин-цзю дээрх хэрэгтэй холбогдуулан “Япон улс эдийн засгийн энэхүү онцгой бүсийг Окиноторитой холбож үзэж болохгүй. Окинотори бол арал биш зүгээр чулуу юм. Олон улсын хууль дүрмийн дагуу чулууны ойр орчимд эдийн засгийн онцгой бүс байгуулж болохгүй” гэж мэдэгджээ.

Харин Японы тал тайлбарлахдаа "НҮБ-ын Далайн конвенцид үндэслэн Окиноторигийн статусыг арал гэж баталсан" хэмээн мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг