sonin.mn

БАГДАД. /NHK/. Иракийн өмнөд нутгийн Самава хотод тэсрэх бөмбөг тээсэн хоёр машин дэлбэрсний улмаас наад зах нь 33 хүн амиа алджээ. Халдлага үйлдсэний хариуцлагыг “Лалын улс” бүлэглэл өөртөө хүлээсэн байна.

Тэсрэх бөмбөг бүхий эхний машин нийслэл Багдад хотоос 230 километрийн зайд орших шиитүүд голдуу оршин суудаг дээрх хотын засаг захиргааны байрны ойролцоо дэлбэрчээ. 

Хэсэг хугацааны дараа тэсрэх бөмбөг ачсан өөр нэгэн машин тус хот дахь автобусны буудлын ойролцоо дэлбэрчээ. Дэлбэрэлтийн улмаас 65 хүн шархадсан гэж Цагдаагийн газраас мэдээлж байна.

Дэлбэрэлттэй холбогдуулан “Лалын улс” бүлэглэл интернетээр мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд дурдсанаар бол, тус бүлэглэлийн нэгэн байлдагч Самава-гийн төвд машинд нуусан тэсрэх бөмбөгийг дэлбэлсэн бол дэлбэрэлтийг харахаар олон хүн цугларсны дараа хоёрдахь дэлбэрэлт болжээ.

“Лалын улс” бүлэглэлийн босогчид сүүлийн жилүүдэд Багдадын ойролцоо удаа дараа халдлага үйлдсээр байгаа юм.

Иракийн өмнөд хэсгийн шиит шашинтнуудын суурин болох Самава хотод дээрх бүлэглэлийн үйл ажиллагаа өргөжин, халдлага улам бүр олширсоор байна.

Х.Сарнай

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг