sonin.mn
УИХ дахь МАН-ын бүлгээс Эрүүл мэнд, спортын сайд, АТГ-ын даргын томилгоог цаг алдалгүй нэн яаралтай томилох талаар шаардлага хүргүүлэхээр боллоо.
 
Мөн бүлгийн хуралдаанаар Газрын тухай хууль нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн О.Содбилэг нар мэдээлэл хийлээ.
 
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт сонгуулийг цаг хугацаанд нь явуулах ёстойг мэдээллийн эхэнд онцолсон юм. Тэрээр "УИХ-ын сонгууль зургадугаар сарын 29-нд болно. Үүнээс өмнө хуульд заасан бэлтгэл ажлууд хийгдэх ёстой. Монголчууд дөрвөн жилд нэг удаа төр барих эрхээ эдэлдэг. Эрхээ эдэлж, саналаа өгч, цэвэр, шударга, тунгалаг төрөө байгуулах ажил цаг хугацаандаа явагдах ётой.
 
Сонгуультай холбоотойгоор гарсан Цэцийн дүгнэлтээс болж хуульд заасан төлөвлөгөөт ажлууд хойшлогдож байгаа. Тухайлбал, энэ долоо хоногт намууд нэр дэвшигчдээ тодруулах ёстой байсан. Тиймээс Цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэхээ шийдэж, шаардлагатай бол Сонгуулийн хуульд холбогдох өөрчлөлтийг хийж, сонгуулийг цаг хугацаанд нь шударга, ил тод, олон нийтэд нээлттэй явуулах ёстой гэдэг дээр бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлсэн. Энэ асуудлаар шахаж шаардаж ажиллана" гэв.
 
Санхүүгийн зохицуулах хорооны ажлын тайланг УИХ-аар хэлэлцэхтэй холбогдуулж ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь бүлгийн дэд дарга Н.Номтойбаярыг томилов.
Мөн Засгийн газраас өргөн барьсан Газрын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг судлах ажлын хэсэг байгууллаа.
 
Бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр "Хаврын тариалалт эхэлж буй энэ үед тариаланчдад санхүүгийн дэмжлэг чухал. Тариаланчид банкнаас зээл авах гэхээр барьцаа хөрөнгөнд тавьдаг шалгуурыг давахад хүндрэлтэй байдаг. Энэ асуудлыг зохицуулах нэрийн дор тариалангийн газраа барьцаалж банкнаас зээл авах зохицуулалтыг Газрын тухай хуульд оруулах төслийг Засгийн газар оруулж ирсэн. Газрын тухай хуулиар газар эзэмших эрхээ барьцаалах эрх зүйн орчин нээлттэй.
 
Гэтэл өргөн барьсан нэмэлт өөрчлөлтөд давуу эрх гэсэн зөрчилтэй ойлголтыг тусгасан байна. Давуу эрхийг юу гэж ойлгох вэ гэдгийг хууль эрхзүйн хүрээнд судалж үзэх ёстой. МАН-ын бүлэг тариаланчдаа дэмжиж байгаа. Засгийн газар, Монголбанк Үнэ тогтворжуулах хөтөлбөрт 3.8 их наяд төгрөг зарцуулсан ч амжилттай хэрэгжээгүй.
 
Хөтөлбөрт зарцуулсан хөрөнгийн эргэн төлөлт ямар байгаа, энэ мөнгөн эх үүсвэрээс тариаланчдад санхүүгийн дэмжлэг үзүүлж болох эсэх асуудлыг судлах зорилгоор ажлын хэсэг байгуулсан" гэв. Үүний зэрэгцээ хоёр жилийн өмнө эрх баригчид гадаадын иргэн, аж ахуйн нэгжид газрыг 100 жилээр эзэмшүүлэх төсөл өргөн барьсан ч ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч буцаан татсан, нэр бүхий гишүүд Халх голд чөлөөт бүс байгуулах тогтоолыг залруулах тогтоолын төсөл өргөн барьсан ч өнөө хүртэл шийдэгдэхгүй хүлээгдэж байгааг тэрээр энэ үеэр сануулав.
 
УИХ-ын гишүүн О.Содбилэг "Засгийн газар Эрүүл мэнд, спортын сайдыг томилолгүй хагас болж байна. МАН-ын бүлгээс ЭМС-ын сайдыг томилохыг удаа дараа шаардаж ирсэн. Өнгөрсөн гуравдугаар сард МАН-ын бүлгийн гишүүд ХӨСҮТ-д ажиллаж, тулгамдсан асуудлыг яаралтай шийдэх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн.
 
Мөн АТГ-ын даргын томилгоог яаралтай шийдэх ёстой гэж МАН-ын бүлэг үзлээ. Сонгууль дөхсөн үед хууль хүчний байгууллагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах ёстой. Улс төрөөс ангид, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах ёстой гэдэг үндэслэлээр шаардлага хүргүүлж байна" гэлээ