sonin.mn
ПХЕНЬЯН./TASS/. Нобелийн шагнал хүртсэн хэсэг эрдэмтэд өнөөдөр БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотноо болсон Ким Ир Сений нэрэмжит Их сургуулийн 70 жилийн ойд зориулсан олон улсын бага хурлын нээлтэд оролцлоо. Энэ тухай Венийн Олон улсын энх тайвны санг үндэслэгч Уго Моравец ярьсан байна.
Нобелийн шагналтнууд болох Норвегийн эрдэмтэн Финн Кидланд, Израилийн Аарон Чехановер, Их Британийн Ричард Робертс нарын бүрэлдэхүүнтэй баг Умард Солонгосын оюутнуудад лекц уншиж, семинар зохион байгуулах аж.
Дээр дурдсан сан нь ЮНЕСКО-той хамтран “Харилцан ярианаас энх тайвны соёлд” гэдэг нэртэй хөтөлбөрийг Таиланд, Филиппин, Малайз, Сингапур, Кампучийн их дээд сургуулиудад хэрэгжүүлдэг юм. Хөтөлбөрт нийгмийн зүтгэлтнүүд, жүжигчид, оюутнууд зэрэг нийтдээ 180 мянга гаруй хүн хамрагдаж байгаагийн дотор  48 Нобелийн шагналтан бий.
“Хоёр жилийн турш эрчимтэй бэлтгэж, 7 удаа айлчилсны үр дүнд манай сангийн үзэл баримтлалыг анх удаагаа БНАСАУ-д танилцууллаа” хэмээн Уго Моравец ярьж байна. Тус сангийн үйл ажилллагаа нь шинжлэх ухааны хамтарсан хөтөлбөрүүдийг боловсруулах тал дээр Нобелийн шагналтнууд болон Ази тивийн томоохон их сургуулиудын хооронд удаан хугацааны хамтын ажиллагааг бий болгоход чиглэх юм.
Дээрх ёслолын ажиллагаанд Лихтенштейний ханхүү Альберт оролцож үг хэлсэн байна. Түүнчлэн БНАСАУ-ын Гадаад орнуудтай соёлоор харилцах нийгэмлэгийн дарга Ким Чен Сук гадаадын төлөөлөгчдөд баяр хүргэн үг хэллээ. 
Д.Нямтулга
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг