sonin.mn

"Чингис хаан" Олон улсын нисэх буудлын транзит танхимыг албан ёсоор нээж бүрэн ашиглалтад орууллаа.

Улаанбаатар хотноо зохион байгуулах Ази, Европын төрийн тэргүүдийн дээд хэмжээний чуулга уулзалтад бэлтгэх зорилгоор олон улсын нисэх буудлыг транзит танхимын бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн оны долдугаар сараас эхэлсэн. Манай улс Ази, Европыг холбосон, агаарын замаар дамжин өнгөрөхөд аюулгүй байдлыг бүрэн хангасан хамгийн таатай газар зүйн байршилтай улс. Тиймээс транзит танхимыг бий болгосноор Монгол Улсаар дамжин өнгөрөх олон улсын нислэг нэмэгдэж улмаар улсын төсөвт оруулах навигацын орлого нэмэгдэх боломж бүрдэж буйг албаныхан онцлов.

Транзит танхимд олон улсын зорчигчдын явах, ирэх танхим, бизнес танхим, худалдаа үйлчилгээ, амрах өрөө зэргийг цогцоор нь шийджээ.  Танхимын бүтээн байгуулалт нийтдээ 2000 гаруй м.кв талбайг хамарснаар нисэх буудал цагт 1200 орчим зорчигчдод үйлчлэх хүчин чадалтай болж байна. Өмнө нь "Чингис хаан" Олон улсын нисэх буудал цагт 800 орчим зорчигчдод үйлчилдэг байв.

Транзит танхимтай болсноор мөн нисэх буудал хүчин чадлаа бүрэн ашиглах, хөрш зэргэлдээ улс орнуудын хил орчмын хотуудтай бүс нутгийн тогтмол нислэгийг хөгжүүлэх боломжтой болжээ. Тодруулбал, БНХАУ-ын орон нутгийн нислэг агаарын дөт замыг ашиглан Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин нислэг үйлдэх бололцоотой юм. Мөн АСЕМ-ын чуулга уулзалтыг угтан шинээр онгоцны 9 зогсоол  ашиглалтад оруулжээ. Түүнчлэн хөөрч буух зурвасуудыг хүчитгэх ажлуудыг хийжээ.

 Б.Заяа

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг