sonin.mn

Монголын Залуучуудын холбоо өнгөрөгч дөрөвдүгээр сарыг “Залхуурлаа чөлөөлөх” сар болгосны үр дүнд 1000 гаруй залуусыг байнгын болон цагийн ажилд зуучилж ажилтай орлоготой болгожээ.

Мөн ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, цагийн ажил хайгчдад зориулсан сургалтад 800 гаруй сурагч, оюутан залуусыг хамруулжээ. Түүнчлэн тус холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс Баянгол дүүргийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтран "Хөдөлмөр хүнийг бүтээдэг" нээлттэй хаалганы өдөрлөг, Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтран "Амжилтын гараа" хөдөлмөрийн өдөрлөг, Орхон аймгийн Хөдөлмөрийн хэлтэс болон Орхон аймгийн залуучуудын холбоотой "Ажилтай орлоготой Эрдэнэтийн залуус" хөдөлмөрийн өдөрлөг, ахлах ангийн сурагчдад зориулсан "Амжилтын үндэс амьдралын гараа" сургалт лекц, Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран "Аялал жуулчлал ба хөдөлмөр эрхлэлт" хөдөлмөрийн яармаг, их дээд сургуулиудын оюутан залууст зориулан ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, цагийн ажил хайгчдад зориулсан ““Парт тайм” чиглүүлэх сургалт зэрэг сонирхолтой үйл ажилагааг зохион байгуулсан байна.

Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн дэргэдэх “Хөдөлмөрч залуус” клубийнхэн “Цэвэр цэмцгэр автобусаар үйлчлүүлье” хэмээн уриан дор Автобус бааз-3 ХХК-тай хамтран нийтийн тээврийн автобусуудыг угааж цэвэрлэжээ. Үүний зэрэгцээ 52 дугаар цэцэрлэгийн багш нарт туслан тараах материал болон үзүүлэн хийж тусалсан байна. Ийнхүү дөрөвдүгээр сарыг залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн бүтээлч сар болж өндөрлөсөн ба энэ тавдугаар сарыг МЗХ “Хогноос чөлөөлье” уриатайгаар өртөөлүүлэх аж.