sonin.mn
 
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг Үндсэн хуулийн цэцийн энэ оны 05 дугаар дүгнэлтээр завсарлага авсан. Завсарлагын хугацаа өндөрлөж буйтай холбогдуулж тус бүлгийн дарга О.Баасанхүүгээс тодруулга авав.
 
-Эвслийн бүлгээс авсан завсарлага маргааш дуусна. Танай бүлэг цэцийн дүгнэлттэй холбоотой шийдвэрээ гаргасан уу?
 
-Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг ерөнхий агуулгын хувьд дэмжиж байгаа. Манай намаас 48 хүн нь тойрогт, 28 хүнийг нь ард түмнээрээ эрэмбэлүүлэх саналтай байгаа. Ингэснээр 28 гишүүнийг нийт иргэдийн саналаар сонгоно гэсэн үг юм.
 
-Амралтын өдрүүдэд зөвшилцлийн ажлын хэсэг хуралдсан байх ёстой. Ажлын хэсэг хуралдсан уу?
 
-Ажлын хэсэг хуралдах эрхзүйн үндэслэл алга. Харин гурван намаас албан болон албан бусаар цэцийн дүгнэлттэй холбогдуулж уулзаж байгаа гэсэн мэдээлэл бий.
 
-Танай бүлэг завсарлага авснаар сонгууль хойшилж болзошгүй нөхцөл байдал үүсч байна гэсэн асуудал хөндөгдөж байгаа. Үүнд ямар тайлбар хийх вэ?
 
-Би сонгууль хойшилно гэж бодохгүй байна. Одоогийн үйлчилж буй хуулиар 5 дугаар сарын 5-наас нэр дэвшигчийн нэрс тодорно. СЕХ нэр дэвших хугацааг 14 хоногоор хойшлуулсан гэж дуулсан. Гэсэн ч үлдэж буй хугацаанд асуудлыг шийдэх бүрэн боломжтой.
 
-Д.Тэрбишдагва гишүүн МАХН-ын гишүүнчлэлээс татгалзана гэсэн яриа гарсан. Энэ асуудал бүлэг дээр яригдсан уу?
 
-Д.Тэрбишдагва гишүүнийг болчимгүй үйлдэл хийхгүй байх гэж найдаж байна. Тэгээд ч Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгчид нэр нь яригдах хүний хувьд болчимгүй алхам хийхгүй байх.
 
-Бүлгийн зүгээс УИХ-ын дэд даргыг чөлөөлж оронд нь томилох хүний нэрийг өргөн барина гэсэн. Энэ асуудал яагаад чимээгүй болов?
 
-Л.Цог гишүүн өөрийн хүсэлтээр бүлгийн гишүүнээс татгалзсан учраас монгол хүний жудаг гаргаж УИХ-ын дэд даргын албан тушаалыг өөрөө өгөх ёстой. Ингээд түүнийн оронд М.Сономпил юм уу Д.Тэрбишдагва гишүүнийг УИХ-ын дэд даргад томилох учиртай юм. Гэтэл хуулинд сайн дураараа эсвэл гэмт хэрэг хийсэн тохиолдолд УИХ-ын дэд даргын албан тушаалаас нь буулгах тухай заачихсан. Энэхүү хуулийн сиймхийг ашиглаад Л.Цог дарга “Би сайн дураараа албан тушаалаа өгөхгүй. УИХ-ын дэд даргын суудлаас буухгүй” гээд зүтгээд байгаа. Иймээс энэхүү зөрчлийг арилгах үүднээс хуулийн төсөл санаачлаад бэлэн болгосон.  Энэ долоо хоногт өргөн барина.
 
-Шинэчилсэн сонгуулийн хуулинд "Сонгууль явуулахаас 6 сарын өмнө хуулиндаа өөрчлөлт оруулахгүй" гэсэн заалтаа парламент мартчихсан. Одоо цэцийн шийдвэртэй холбогдуулж Сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт орох нь тодорхой боллоо. Энэ алдааг танай намаас хэрхэн шийдвэрлэх талаар гарц хайж байна уу?
 
-Хаягдсан заалтыг зарчмын зөрүүтэй санал болгон оруулах оролдлого хийнэ. Хэрэв уг санал унавал дараагийн УИХ-д сонгогдсон өөрийн намын төлөөллөөр дамжуулж "Сонгууль болохоос 1 жилийн өмнө сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулахгүй" гэсэн асуудлыг дэвшүүлэх болно.
 
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ