sonin.mn
Уг нь манайх хүн бүрийн сонгох, сонгогдох эрхийг тунхагласан, “ардчилсан”, “эрх зүйт нийгэм” гэсэн тодотгол бүхий сайхан Үндсэн хуультай улс. Нэгэнт “ардчилсан” гээд зарлачихсан болохоор үе үе Үндсэн хуулиа зөрчих нь бас нэг маягийн “ардчилал” юм байна гэж ойлгогдоод байгаа юм. “Ардчилал”-тай учраас бас алдаа байхыг хүлээн зөвшөөрөх л болоод явчихаж байгаа хэрэг л дээ.
 
Гэтэл нөгөө “ардчилал, олон ургальч үзэл” гээч маань цааш лавшрахлаар алдаагаа засахыг “аймшигт гэмт хэрэгт” тооцох хүртлээ тэнэглэл рүү хөтлөдөг ажээ. 
Ухаан санаанд багтамгүй ийм дүгнэлтийг манай олон намуудын дотроос “оймс гозолзуулдаг” гэсэн тодотголоороо ялгардаг нэг намын дарга мэдэгдэв. 
Бүр тодруулж хэлвэл үүргээ умартан унтаж байгаад гэнэт сэрсэн Үндсэн хуулийн Цэц хожуу ч гэсэн алдаагаа саяхан засаж Монгол Улсын сонгуулийн тухай хуульд заасан “намын жагсаалтаар” 28 гишүүнийг УИХ-д “суулгадаг” заалтыг Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасан нь МАХН-ын даргын бодлоор бол “аймшигт гэмт хэрэг үйлдсэн” явдал гэнэ. 
 
Гэхдээ тус намынхан УИХ-ыг 5 хоног саатуулан завсарлага авсны эцэст ямар ч гэсэн “ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авна” гэдгээ мэдэгдсэн нь “аймшигт гэмт хэрэг”-ийг хориглож болохгүй гэж үзсэн бололтой. Мөн ч хачин логик шүү. 
 
Манай Ерөнхийлөгч “Ардчиллын амин сүнс” хэмээн магтан дуулах дуртай энэ “Ардчилсан элийрэл” Төрийн ордон дотор бугшин “сүг сүүдэр” болтлоо биежиж, хэн нэгний суган доогуур хулгайгаар шурган орж заларсан цатгалан ноёдын уур бухимдлаар амилан сүүлийн хэд хоногт гэгээн цагаан өдрөөр олны нүдний өмнө “шалдан” гүйв. 
Ёстой л зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэгчээр өөрсдийн аминч үзэл, шунал хүслээ шулуухан илэрхийлцгээлээ. 
 
С.Дэмбэрэл гишүүнийхээр бол ҮХЦ-ийн энэ удаагийн шийдвэр “Гадаадын гоё малгай өмсчихөөд тэр нь зохихгүй байгаа бол царай муутай өөрийгөө буруутгах ёстой. Гэтэл бид гадаадын тэр сайхан малгайг голж” тэнэгтэж байна  гэнэ. 
 
Уг нь хүн царай төрхөндөө л малгайгаа тохируулж өмсдөг л дөө. Харин эрхэм гишүүн гадаадын өндөр үнэтэй “гоё” малгайд тохируулж нүүр царайгаа засуулах бололтой юм даг аа. Эсвэл царайд нь тохирохгүй ч байсан хамаагүй гадаадын өндөр үнэтэй “гоё” малгай л өмсөж байвал сэтгэл ханадаг шиг байна. 
 
Ямар малгайгаар гоёж, хэрхэн сэтгэл ханах нь таны л хэрэг. Харин өөрийнхөө тэр гаж дур хүслээ нийгмийн жишиг болгох гэж тулгах нь наад зах нь бусдын эрхэнд халдах санаархал, тэр тусмаа гадаадыг шүтэх үзлээ Үндсэн хуулиас дээгүүр тавих нь Төрийн эсрэг гэмт хэрэг рүү чиглэж буй хэрэг юм. 
 
Гэтэл уг “элийрэл” зөвхөн дээрх төдий биш, бүр төрийн ордонд залрагсдын олонхийн хэлсэн үгнээс дээрхитэй утга адил, Үндсэн хуулийг дагаж мөрдөх шаардлагагүй гэсэн санаа илт цухалзаж байлаа. Тэдний бодлоор бол ҮХЦ ийм шийдвэр гаргасан нь 
- Парламентын хөгжил дэвшлийг ухраасан хэрэг боллоо гэнэ. 
- Олон улсын жишгийг зөрчлөө  гэнэ. 
- УИХ-д эмэгтэйчүүд суух эрхийг хаан боогдуулсан хэрэг гэнэ. 
Буруутгах шалтаг хайж ядахдаа 
- Олон жижиг тойрогтой, мөнгөөр уралдсан бохир сонгууль явуулах гэлээ гэж гонгинолдон жагсаж хүртэл үзэв. 
Үндсэн хууль зөрчиж парламентаа бүрдүүлэх нь хөгжил дэвшил гэж ойлгодог эргүү бодол санаа төрийн ордон дотроос, эрх баригч улс төрийн намуудаас гарч байгаа нь үнэхээр гайхмаар хэрэг шүү.
 
Бусдыг гаднаас нь харж даган дуурайхаас бус өөрсдөө сэтгэх чадваргүй ухвар мөчид тэдгээр гишүүд, дарга нарт “Олон улсын жишиг” гээчийн барьж авах уг үндэс нь улс бүр өөр өөрийнхөө Үндсэн хуулиа ягштал дагаж мөрдөхөд оршдог юм гэж хэлээд ч ойлгохгүй л дээ! 
Эмэгтэй хүн Үндсэн хууль зөрчиж, нийт ард иргэдийн сонголтоос гадуур УИХ-д суудаг байх ёстой гэж хээв нэг зүтгэж байгаа эмэгтэй гишүүдийн санааг дэндүү увайгүй явдал гэхээс өөр хэлэх ч үг алга. 
Тэр ч байтугай “өмнө нь зөрчөөгүй гэж байснаа өнөөдөр зөрчсөн гэж нэг заалт дээр хоёр өөр шийдвэр гаргалаа” хэмээн ҮХЦ-ийг “улс төрчдийн тоглоомын” байгууллага болсныг зэмлэн буруутгав. 
 
Уг нь ҮХЦ-д хандсан наад зэмлэлээ 4 жилийн өмнө л хэлэх байсан юм л даа. Гэтэл өдөр юм хардаггүй шар шувуу шиг, таг дуугүй мэлийж суусаар цаг алдаж, ард иргэдийн шахалт шаардлага, төрөө биш нам сонгодог буруу заалтаас үүдсэн гажуудлын уршигт үр дагавар нь хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүргэсний дараа, хожуу ч гэсэн алдаа гажуудлаа засаж залруулмагц нь буруутгаж байгаа нь “Чи миний мууг үзэх гэлээ” гэж зүхэхтэй утга нэг юм. 
 
Чухам тэр “намын жагсаалтаар” УИХ-ын гишүүдийг гаргаж ирдэг болсон хуулийн заалтын гайгаар Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа үндсээрээ гажуудаж, Төрийн дээд байгууллага болох УИХ-ын суудал намын дарга нарын бизнесийн хэрэгсэл болсныг бүгдээрээ мэднэ. УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэгч нь гажиж, гудамжны нэг намын дарга ордонд орж ирээд өөрийн намаас жагсаалтаар орсон гишүүнээ айлган дарамталж болдгийг ч харж байлаа.
 
Төр улсын эрх ашгийн төлөө ажиллах тангараг өргөсөн УИХ-ын гишүүд авилгач, луйварчин намын даргаа хамгаалан гудамжинд гарч “манай намын дарга танай намын даргаас бага идсэн, шалгаад байхдаа яадаг юм” хэмээн АТГ-ын үүдэнд эсэргүүцэн жагсдаг жишиг ч бий болсон. Энэ мэтээр улс орны эрх ашгийг биш, намын эрх ашгийг тэргүүнд тавьдаг гажуудал улам гаарч, төрийн ажлыг улс төрийн намууд талцан гацааж, Төр ажлаа хийж чадахаа больсны зовлонг улс орон бүхэлдээ амсаж байгаа.   
Энэ бүх гацаа, уршигт үр дагавар л уг заалтыг цуцлахаас аргагүй байдалд хүргэсэн нь бодит үнэн билээ.   
 
Гэтэл ил тодоор Үндсэн хуулийг эсэргүүцэж байгаа, “Ардчиллын сүг сүүдэр” болсон бугшмал булингарт бодол санаа Төрийн ордон дотор амилан босож Төрийн үйл, түмний хүслийн эсрэг элдэв гацаа саад үүсгэхээр хэвлэл мэдээллээр дамжин гадагшлав.  
 
Ийм л хэмжээний ухвар мөчид сэтгэдэг этгээдүүдийг бид өнөөдөр төрд залчихаад сууцгааж байна. Өөрсдийнхөө тэнэгийг гайхуулан ам уралдан “цэцэрхэж” байхыг нь яана гээч!
 
Ухаантай хүн хэзээд ичих, эмээх мэдрэмжтэй байдаг. Харин эрх мэдэл гэдэг тэнэг хүний ичих, эмээх мэдрэмжийг алдагдуулан, хорт утаа цацах шиг тэнэглэлээ газар сайгүй ийнхүү савсуулдаг ажээ. 
 
Одоо Төрийн ордон доторхи энэ “хорт утаа” нийгэмд хэр нөлөөлж, хэрхэн яаж замхарахыг хүлээх л үлдлээ! 
 
 
О.Лхагвадорж