sonin.mn
Английн хатан хаан II Элизабет хэдхэн хоногийн өмнө 90 нас сүүдрийг зооглож, насны их ойг нь Британи даяар өргөн тэмдэглэсэн билээ. Шекспир, Биг-Бен, Битлз-ийн адилаар Их Британийн нэг билэгдэл болсон хатан хааны амьдралын өвөрмөц хэв маяг, сонирхолтой эрх ямбын талаар цухас танилцуулъя.
 
Түүний нөхөр, Эдинбургийн гүн Филипп 94 настай, тэд дөрвөн хүүхэд, найман ач, зээ, таван гучтай. Мөн II Элизабет дөрвөн нохойтой бөгөөд тэднийгээ насны дарааллаар нь тусгай жороор бэлдүүлсэн хоолоор өөрийн гараар хооллодог аж. II Элизабет 1952 оны хоёрдугаар сарын 6-нд Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улс, Канад, Австрали, Шинэ Зеланд болон Хамтын нөхөрлөлийн бусад орны хатан хаанаар өргөмжлөгдсөн билээ.
 
1. ХУВИЙН БЭЛЭН МӨНГӨНИЙ МАШИНААС ХҮССЭНЭЭРЭЭ МӨНГӨ АВЧ БОЛНО
 
 II Элизабет 700 орчим өрөөтэй Букингемийн ордонд амьдардаг. Тэрээр өглөө эрт дасгал болгон ордноор алхангаа ордон дахь хувийн бэлэн мөнгөний машинаас мөнгө авахаар явдаг аж. Хатан хаанд хэзээ ч бэлэн мөнгөний хэрэг гардаггүй ч тэрээр ордондоо хэзээ ч хүссэн хэмжээгээрээ авч болох бэлэн мөнгөний машин байрлуулсан юм. Сонирхуулахад хатан хаан нэг бус ордон, өргөөтэй. Лондон дахь Букингемийн ордноос гадна Беркшир, Шотландын Эдинбург, Умард Ирландын Даун гүнлэгт албан ёсны ордонтой. Мөн Сандринхем, Балморал гэсэн ажлын өргөөтэй.
 
2. ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХГҮЙ АВТОМАШИН ЖОЛООДОЖ БОЛНО
 
17 нас хүрч байж, жолоочийн үнэмлэх авч автомашин жолоодох эрхтэй болдог эх орон нэгтнүүдээсээ ялгаатай нь хатан хаан Элизабет ямар нэг бичиг баримтгүйгээр жолооны ард суух эрхтэй. Жолооны үнэмлэхгүй автомашин жолоодож, энэ нь хууль зөрчдөггүй цорын ганц хүн нь тэр юм. Их Британид жолооны үнэмлэхийг хатан хааны нэрийн өмнөөс олгодог. Хэрвээ хатан хаан жолооны үнэмлэх авахаар болвол өөрөө өөртөө зөвшөөрөл өгнө гэсэн үг. Тиймээс түүний автомашин ямар нэг номер, бүртгэлгүй байдаг.
 
Английн хатан хаан автомашин жолоодож чаддаг, их ч дуртай аж. Элизабет 1945 онд дэлхийн II дайн дуусахаас хэдхэн сарын өмнө 19 насандаа жолооны үнэмлэх авчээ. Тэрээр Эмэгтэйчүүдийн туслах корпуст элсч ачааны автомашин жолоодож, дугуйг нь сольж сурсан юм.
 
3. БИЧИГ БАРИМТГҮЙ АЯЛНА
 
Хатан хаанд жолооны үнэмлэх шаардлагагүй шалтгааныг дурдсан. Мөн ийм шалтгаанаар паспорт түүнд хэрэггүй ажээ. Их Британид паспортыг хатан хааны нэрийн өмнөөс олгодог. Хатан хааны гэр бүлийн бүх гишүүн, тэр тусмаа хунтайж Чарльз хүртэл гадаад явахдаа паспортоо биедээ авч явах үүрэгтэй байдаг.
 
1952 оны эхээр Элизабет, нөхөр Филиппийн хамтаар Австрали, Шинэ Зеланд руу явахдаа замаараа Кени улсаар оржээ. Тэнд байхад эцэг, хаан VI Жорж өөд болсон гунигтай мэдээг хүлээж авчээ. Мэдээж энэ нь эмгэнэлийн мэдээ байсан ч нөгөө талаар Элизабетийн хувьд хаан ширээнд сууж буй баярын мэдээ байсан билээ.
 
4. ТӨРСӨН ӨДРӨӨ ЖИЛД ХОЁР УДАА ТЭМДЭГЛЭНЭ
 
Хатан хаан 1926 оны дөрөвдүгээр сарын 21-нд мэндэлжээ. Энэ өдөр тэрээр ердийн төрсөн өдрөө тэмдэглэдгээс гадна хатан хааны албан ёсны төрсөн өдөр (зургадугаар сард) гэж байдаг ажээ. Анх 1748 онд II Жорж хааны төрсөн өдрийг албан ёсоор тэмдэглэсэн байна. Тэр цагаас хойш хааны төрсөн өдрийг зун тэмдэглэх болжээ. Энэ онд хатан хааны албан ёсны төрсөн өдрийг зургадугаар сарын 4-нд тэмдэглэхээр болж, Их  Британи болон Хамтын нөхөрлөлийн орнуудад цэргийн сүрлэг жагсаал хийхээр болсон байна.
 
5. ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГАД ТАТАГДАХГҮЙ
 
Хатан хааныг баривчилж, түүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэж, шүүхийн хариуцлагад татаж болохгүй. Шалтгаан нь тун энгийн. Баривчилгааг хатан хааны нэрээр явуулдаг тул мэдээж түүний нэрийн өмнөөс өөрийг нь баривчилж болохгүй. Мөн ийм шалтгаанаар тэрээр шүүхэд гэрчээр оролцож болохгүй. Хатан хаан II Элизабет татвар төлөх үүрэггүй ч 1992 оноос хойш сайн дураараа татвар төлж байгаа юм.
 
 
6. АВСТРАЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ, КАНАДЫН ПАРЛАМЕНТЫГ ТАРААХ ЭРХТЭЙ
 
Мэдээж тэр үүнийг хэзээ ч хийхгүй ч техникийн хувьд ийм боломж, эрх байдаг ажээ.
 
 
Н.Мөнхжин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин