sonin.mn
 
Мэдээллийн технологийн үндэсний парк /МТҮП/-ийн үйл ажиллагаа, цар хүрээ улам өргөжиж Монгол Улсад мэдлэгийн эдийн засгийн суурийг тавьж, инновацид чиглэсэн технологи хөгжүүлэлтийн эко системийг дэмжих зорилгоор шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн кластер хэлбэрээр зохион байгуулж “Шинжлэх ухааны парк-Мэдээллийн технологи” /ШУПМТ/ болж өргөжжээ.
 
 
Мэдээллийн технологид суурилсан уламжлалт инкубаторын элсэлтээ энэ удаа яагаад зорилтот салбарт хандуулах болсныг ШУП-МТ-ийн Инкубатор, бизнес хөгжлийн төвийн дарга П.Наранцэцэгээс тодруулав.
 
 -Танай инкубаторын үйл ажиллагаа өргөжиж, инкубаторуудын шалгуур нь мэдээллийн технологи гэж тодотгодог уламжлалаасаа хазайж, маркетинг-борлуулалтыг онцлох болжээ. Энэ талаар?
 
-Инкубаторын 28 дахь элсэлтээр зорилтот зах зээлийн хүрээнд “Маркетинг, борлуулалтын бизнес инкубатор”-ыг зарлалаа. Мөн “Оюутан бизнес инкубатор-2016” хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Нэг өдөр хоёр өөр салбар, чиглэлээр зарлаж буй ч хооронд уялдаа холбоотой.
 
Эхнийх нь зорилтот салбарын хүрээнд маркетинг-борлуулалт-PR-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийг дэмжих зорилготой. Орчин үед бүтээгдэхүүн үйлчилгээ, зөв менежментийг хэнд, яаж, хэрхэн хүргэх вэ гэдэгт байна. Өрсөлдөөнт зах зээлд идэвхижүүлэлт хэрэгтэй. Тиймээс гарааны компаниа эхлүүлэх гээд манай инкубаторт бойжиж буй инкубаторын мэдээллийн технологит суурилсан залуусынхаа бүтээгдэхүүнийг олонд хүргэж мөнгө босгох, хөрөнгө оруулагч олоход  мэргэжлийн маркетингийн туршлагатай баг, хамт олны хүчийг түших шаардлагатай болж байна.
 
Эдийн засгийн гол хөшүүрэг бараа материал, мөнгө, санхүү байнгын эргэлтэд байж л үнэ цэнээ хадгална. Түүнчлэн оюуны бүтээлийн үнэ цэнэ эдийн засгийн эргэлт, давтамжаар үнэлэгдэж байна. Техник, технологи хором бүрээр хувьсаж байгаа өнөө цагт мэдлэгт суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд хурдан нийлүүлэхгүй бол үнэ цэнээ алдаж, Монгол толгой үнэгүйдэж байна гэж ярих шалтгаан үндэс нь болж байгаа юм. Монгол толгой, монгол инженерийн ур чадвар, оюуны бүтээлийг үнэ цэнэтэй, дэлхийн түвшинд өрсөлдөхүйц технологи нэвтрүүлж, эдийн засгаа хөгжүүлэхэд манай инкубаторын компаниудад маркетинг чухал байгаа тул энэ удаа зорилтот салбарыг сонголоо. Зорилтоо биелүүлэхэд хамгийн сайн компаниудыг сонгон шалгаруулалтад өрсөлдөөсэй гэж хүсч байна. Манай инкубаторт элссэнээр түрээсийн төлбөрөөс 90 хувь хүртэл чөлөөлөгдөх гээд олон үйлчилгээг үнэгүй авах боломжтой.
 
Мэдээллийн технологийн инкубатор компаниудын шинэ, шилдэг шийдэлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоодын зах зээлд нутагшуулж, TOП борлуулалттай компани болгож, салбартаа танигдсан буюу хэрэглэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн компани болгох ба инкубатор аутсорсонг хөгжүүлэх зорилготой.
Борлуулалт, маркетингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компани, зах зээлд өрсөлдөх чадвартай, чадварлаг, мэргэжлийн хүний нөөцтэй, маркетингийн төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж байсан туршлагатай зэрэг шаардлага хангасан байх ёстой.
 
-“Оюутан бизнес инкубатор-2016”оюутнуудад боломжийг нээлттэй олгож байгаагаараа төр оюутнуудын хамтын ажиллагаа өргөжих суурь нь гэж ойлгож болох нь ээ?
 
-Энэ төсөлд мэргэжил харгалзахгүй 3-аас дээш курсын оюутнууд оролцох боломжтой. Оюутнууд юу хүсч байна тэр санаагаа буулгаж бизнес эрхлэх боломжтой. Магадгүй борлуулалт хийгээд сургалтын төлбөрөө олж, өөрсдийн гэсэн санхүүтэй болох боломж олгоно.
 
Амьдралын хором бүртэй уралдан өөрчлөлт шинэчлэлт, хувьсал авчран хөгжиж буй зүйл бол технологи юм. Технологийн хөгжил нь илүү ихээр мэдээллийн технологийн хөгжилд суурилж байна. Дэлхий нийтээр мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхийг зорьж байгаатай адил манай байгууллага “Оюутан бизнес инкубатор” ажиллуулж мэдээллийн технологи болон бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжил зэмшихээр суралцаж буй оюутнуудыг сурч, хөгжих, тэдний шинэ санааг бүтээл болгож, инновацид чиглүүлэх зорилтыг дэвшүүлж байна. Оюутан, залуусыг баг хамт олон болгон нэгтгэж өөрийн мэргэжил буюу салбартаа мэдлэг ур чадвараа нэмэрлэх, оюунаа уралдуулах, өрсөлдөх, багаар ажиллахыг дэмжих, улмаар гарааны бизнесээ эхлүүлэхэд нь тусалж дэмжих зорилготой. Төслийн зорилгын дагуу дараах зорилтыг тавьсан.
 
-Одоо байгаа инкубаторын дэд бүтэц дээрээ тулгуурлан оюутнуудыг дэмжих
-Мэдээллийн технологи болон маркетинг бизнесийн салбарын хөгжилд оюутнуудын шинэ санааг хөгжүүлж бүтээл болгох
-Өөрөө өөрсдөд нь ажлын байр бий болгох
-Суралцах хугацаанд мэргэшүүлж мэдлэг, чадавхийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадвар, мэдээллийн технологи, бизнесийн салбарт тэдний манлайллыг бий болгох
Монгол Улсын Засгийн газраас мэдээллийн технологийн салбарыг мэдлэгт суурилсан үсрэнгүй хөгжлийн тулгуур хэмээн тодорхойлсон байдаг. Тиймээс ирээдүйн эрдэмтэд, инженер, энтрепренёруудыг төрүүлэхэд бэлтгэх үүднээс судалгаа шинжилгээ хийж, туршилтын загвар бүтээж үндэсний брэнд бүтээгдэхүүн зохион бүтээж түүнд маркетинг хийж харилцан бизнес босгоход оюутнууд хүч чадал, мэдлэг оюунаа уралдуулах түшиц байгууллага болж, оюутнуудын мэдлэгт суурилсан оюуны бүтээлийг дотоод, гадаадын зах зээлд нэвтрүүлэхэд дэмжиж, боломж, нөхцлийг нээлттэй олгож байгаа юм.
Мэдээллийн технологийн салбарын мэргэжил сонгон суралцаж байгаа оюутнуудад ажлын байр нэмэгдүүлэх, тэднийг чадваржуулах, дотоод болон гадаадын зах зээлд өрсөлдөхүйц хэмжээний чадвар, дадлага, туршлагыг хуримтлуулах замаар энэ салбарын залуу боловсон хүчнийг бэлтгэх, МТ-ийн шинэ бүтээлийг "Оюутан бизнес инкубатор"-аар бэлтгэн гаргана.
 
ОЮУТАН БИЗНЕС ИНКУБАТОРЫН ҮЙЛ
 АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
 
"Оюутан бизнес инкубатор"-т (цаашид инкубатор гэх) элсэн орж технологид суурилсан шинэ санаа бүхий бизнес төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх, турших, нэвтрүүлэх, ур чадвараа сорих, гарааны бизнес болгон хөгжүүлэх хүсэлтэй оюутнуудыг сонгон шалгаруулж, тэнцэгчдийг (цаашид элсэгч гэх) элсүүлэх, цаашдын үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, инкубаторыг төгсгөх, инкубатораас хасахтай холбоотой харилцааг зохицуулахад энэхүү журмыг баримтална.
 
Технологид суурилсан, инновацид чиглэсэн оюутны санааг бүтээл болгон хөгжүүлэх, маркетинг хийж зах зээлд нэвтрүүлэх, борлуулах, хөрөнгө оруулагчдыг татах зэрэг хичээлээс гадуур дадлагажин туршлагажих боломж олгох үүднээс жил бүр "Оюутан бизнес инкубатор" төслийг хэрэгжүүлэхэд энэхүү журмын үндсэн зорилго оршино.
Энэхүү журам нь “Мэдээллийн технологийн икубаторын үйл ажиллагааны журам”-ын 1.7 дахь заалтыг үндэслэл болгоно.
 
Оюутнуудын технологид суурилсан төсөл, санаа нь зах зээлд нэвтрүүлэх боломжтой, эдийн засгийн үр ашигтай, шинэ шинэлэг санаа бүхий байхаас гадна оюутны дипломын ажлын сэдэв байж болно.
 
Энэхүү журмын дагуу "Оюутан бизнес инкубатор" төсөлд өрсөлдөж буй баг нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Дотоод, гадаадын их, дээд сургуулийн 3 болон түүнээс дээш курсын оюутан байх;
Их, дээд сургууль төгсөөд 1 жилээс хэтрээгүй төгсөгчид;
Оюутан инкубаторт элсэгчдэд дэмжлэг үзүүлэх хугацаа 1 жил хүртэл байна.
Хоёр. Инкубаторт элсэгчдийн бүртгэл
Инкубаторт элсэлт авах тухай зарыг сонгон шалгаруулалт эхлэхээс 30 хоногийн өмнө ШУП-МТ-ийн цахим хуудсаар олон нийтэд зарлана.
Элсэхийг хүсэгч нь байгууллагын цахим хуудсаар урьдчилан бүртгүүлнэ.
Бүртгэлээ баталгаажуулахдаа багийн гишүүдийн бичиг баримтуудыг бүрдүүлэн заасан хугацаанд ШУП-МТ-ийн байранд биечлэн хүлээлгэж өгнө.Үүнд:
Сурч байгаа сургуулийн тодорхойлолт, төгссөн бол дипломын хуулбар;
Хичээл заалгаж байсан багш, профессорын тодорхойлолт;
Оюутан инкубаторт хамрагдах төслийн товч танилцуулга;
Иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
Дүнгийн хуулбар;
Бүртгэлийн хураамж 10,000₮;
Гурав. Сонгон шалгаруулалт
 
Инкубаторын сонгон шалгаруулалтад дараах шалгууруудыг үндэслэл болгоно. Үүнд:
Бүтээлч, шинэ санаа, оновчтой шийдэлтэй байх
Хэрэгжүүлэх боломжтой байх
Технологид суурилсан байх
Инновацид чиглэсэн байх
 
Инкубаторт элсүүлэх сонгон шалгаруулалтын ажлыг дараах зарчмаар зохион
байгуулна. Үүнд:
Элсэлтийн зарыг 30 хоногийн өмнө паркын цахим хуудсаар мэдээлнэ.
Элсэгчдийг шалгаруулалтын өмнөх өдөр хүртэл цахимаар бүртгэнэ.
Сонгон шалгаруулалт 2 үе шаттай байна.
Эхний шатанд ИБХТөвийн мэргэжилтнүүд төслийг шалгаруулж, тэнцсэн оюутнуудад бүртгэл хааснаас хойш ажлын 10 хоногт багтаан мэдэгдэнэ.
Эхний шалгаруулалтад тэнцсэн төслийг 2 дахь шатны сонгон шалгаруулалтад оролцуулна. Эхний шатны сонгон шалгаруулалтын дүн гарснаас ажлын 5 хоногт багтаан 2 дахь шатны шалгаруулалтыг явуулна.
2 дахь шатны шалгаруулалтад оролцогчид 15 минутад багтаан пресентаци хэлбэрээр өөрсдийн төслийг шүүгчдэд танилцуулна. Шүүгчдийн бүрэлдэхүүний үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан төслийг инкубаторт элсүүлнэ.
Дөрөв. Инкубаторын үйлчилгээ
Оюутан инкубаторт байрлах хугацаанд Үндсэн инкубаторын багц үйлчилгээг үзүүлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд ШУП-МТ нэмэлт өөрчлөлт оруулна.
Оюутан инкубаторт ажлын байр буюу ажиллах орчны шийдлээр хангана /ширээ, сандал, интернэт г.м/, түрээсийн төлбөрөөс:
- Эхний хагас жил - 90%
- Хоёр дахь хагас жил - 80% - иар хөнгөлнө.
Тав. Инкубаторыг төгсгөх
Инкубаторт бойжих 1 жилийн хугацаа гүйцсэн, эсвэл элсэгч хугацаанаасаа өмнө төгсөх хүсэлт гаргасан тохиолдолд ШУП-МТ-ийн Ерөнхий захирлын шийдвэрийг үндэслэн төгсгөнө.
Инкубаторын үйлчилгээнд хамрагдах 1 жилийн хугацаа нь дууссан тохиолдолд бүх явцын үнэлгээнүүдийн дундажийг төгсөлтийн үнэлгээ гэж тооцно.
Инкубаторт бойжигч нь хугацаанаасаа өмнө төгсөх хүсэлт гаргасан тохиолдолд сүүлийн 3 сарын үнэлгээний дундажийг төгсөлтийн үнэлгээ гэж үзнэ.
Инкубаторт элсэгчдэд дэмжлэг үзүүлэх 1 жилээ гүйцээж, 90-100 хувийн дүнтэй төгссөн бойжигч оюутанд “Оюутан инкубаторын шилдэг төгсөгч” гэрчилгээ олгоно.
Инкубаторыг 70-89 хувийн дүнтэй төгссөн компанид “Оюутан инкубаторыг амжилттай төгсөгч” гэрчилгээ олгоно.
Хэрвээ инкубаторын шилдэг төгсөгч нь төслөө гарааны бизнес болгон хөгжүүлэх хүсэлтэй бол үндсэн инкубаторын сонгон шалгаруулалтад оролцох урилга олгож болно.
Зургаа. Инкубатораас хасах
Дараах шалтгаануудын аль нэгийг үндэслэл болгон ШУП-МТ-ийнн Ерөнхий захирлын шийдвэрээр инкубатораас хасна. Үүнд:
Инкубаторын сарын үнэлгээгээр дараалан 2 удаа 50-иас доош хувийн дүн үзүүлсэн бол;
ШУП-МТ болон Үнэлгээний ажлын хэсэгт бодит бус хуурамч мэдээлэл бүрдүүлэн өгсөн бол;
Хамтын ажиллагааны гэрээ байгуулснаас хойш ажлын 10 хоногийн дотор инкубаторт байрлаагvй бол;
Инкубаторын үйл ажиллагааны журам, хамтын ажиллагааны гэрээг ноцтойгоор зөрчсөн бол;
ШУП-МТ-ийн Дотоод журмын холбогдох заалтуудыг зөрчсөн бол;
Хэрэв инкубаторт бойжих хугацаанд оюутнуудын хичээлийн голч дүн 0.5 оноогоор буурсан үзүүлэлттэй гарсан тохиолдолд энэ нь инкубатораас хасах үндэслэл болно.