sonin.mn
 
АНКАРА. /Hurriyetdailynews/. Морин уралдааны дүрэм бичээд 2000 жилийн өмнө ашиглаж байсан самбар Туркийн Төв Анатолийн бүсийн Конья хотын Бейшехир дүүргээс олджээ.
 
Энэ самбар нь Писидийн эрин үед залуу насандаа өөд болсон Лукоянус гэдэг унаачийн дурсгалд зориулсан хөшөөний нэг хэсэг ажээ.
Сельчук их сургуулийн түүх судлалын танхимын профессор Хасан Бахар уг самбарыг эртний морин тойруулгад байхад нь олсон гэж ярилаа.
“Энэ газарт морин тойруулга байсан. Уг самбар Ромын Лукоянус гэдэг нэртэй унаачтай холбоотой бөгөөд үүнээс уламжлан бид энд морин уралдаан болж, адууны аж ахуйг эрхэлж байсныг илүү тодорхой мэдэж болох юм. Эртний Анатолийн хүмүүс болох хитчүүд ариун гэж үздэг уулсаа тойруулан ийм хөшөөнүүд босгож байсан” гэж тэрбээр ярьж байна.
 
Энэ самбар дээр морин уралдааны дүрмийг бичсэн байна. Дүрэм ёсоор, нэгдүгээр байрт орсон морь өөр уралдаанд оролцож болохгүйгээс гадна түрүүлсэн морины эзний өөр нэгэн морь ч мөн адил бусад уралдаанд оролцох ёсгүй. Ингэснээр бусдад ялах боломж олгож байна. Энэ бол эрт дээр үед морин уралдааныг шударгаар явуулдаг байсныг харуулсан гайхалтай сайн дүрэм юм.
 
Д.Нямтулга

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг