sonin.mn
Улс орнууд уруудан доройтож байгаагийн шалтгаан нь зүй бус эдийн засгийн институциуд ард иргэдийг хуримтлал үүсгэх, хөрөнгө оруулах болон шинийг санаачлахад шаардлагатай урамшууллыг бий болгоогүйд байгаа тухай “Улс үндэстний уналт, доройтлын шалтгаан” хэмээх номонд бичжээ. Энэ ч үнэний ортой биз.
 
Манай улсын эдийн засаг хямарч, ард түмний бүү хэл, төрийн халаас хоосон байгаа нь олны бухимдлыг төрүүлж буй. Энэ бүхнээс гарах арга замыг эрэлхийлж байгаа ч оновчтой, дорвитой шийдэлд хүрэлгүй, цэц булаалдсан хэвээр. Бусад орны жишгийг харж байхад улс үндэстний уруудаж доройтсон шалтгаан нь институцийн чадавхи хэт сул байснаас үүдэлтэй хэмээн эдийн засагч, судлаачид хэлдэг.
 
Үүнийг Жэймс А.Робинсон, Дарон Ажэмолу нарын “Why national fail” номд дурдагдсан Зимбабвэ болон Сьерра-Леон зэрэг орнуудын жишээг авч үзвэл сул засаглалтай институциуд хууль дээдлэх зарчмыг үгүй хийгээд зогсохгүй эдийн засгийн нэн чухал хөшүүргүүдийг устгаж, улс орныг бүрэн сүйрэхэд хүргэдэг болохыг тодорхой харуулсан байна.
 
Улс төрийн институциуд сул хөгжсөн орнуудад мөлжлөгөөс ашиг хонжоо олох, шийдвэр гаргачдын эрх мэдлийг бэхжүүлэх замаар эдийн засгийн институциудад дэмжлэг үзүүлдэг аж. Эдийн засгийн болон улс төрийн байгууллага хэдийгээр нөхцөл байдлаас хамаарч бүтцийн хувьд үл ялиг өөр байх ч сул засаглалтай тохиолдолд улс орны уруудан доройтох үндэс болдог байна. Аргентин, Колумби, Египет гэх мэт олон орны жишээнээс үзэхэд улс төрчид өөрсдөд нь аюул учруулах эдийн засгийн хараат бус ажиллагааны аливаа хэлбэрийг хаан боогдуулж, нөөц баялгийг дангаар мөлжих сонирхолтой байдгаас эдийн засаг зогсонги байдалд ордог тухай энэхүү номд бичжээ.
 
Ийнхүү буруу бодлого, шийдвэрийн үр дүнд эдийн засаг зогсонги байдал орсон Ангола, Камерон, Чад, Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс, Гайти, Либери, Балба, Сьерра-Леон, Судан, Зимбабвэ зэрэг улсын жишээнээс тодорхой харж болно. Эдгээр оронд өрнөсөн иргэний дайн, ард иргэд олноороо дайжих шилжилт хөдөлгөөн, өлсгөлөн, халдварт өвчний тархалт, эдгээр орнуудын хөгжлийг хойш татаж, 1960-аад онд байснаас нь ч илүү ядуу буурай болгожээ.
 
Өнөөдөр ч улс орнууд уруудан доройтож байгаагийн шалтгаан нь институцийн сул хөгжйл болж байна. Үүнийг Мугабегийн дэглэм тогтсон Зимбабвэ улсын эдийн засгийн болон улс төрийн тогтолцооны үр дагавар тодоор харуулж байна. Тус улсын үндэсний статистик үнэмшмээргүй  байдгийг тэрхүү номд дурдсан байлаа.
 
Тухайлбал 2008 оны байдлаар Зимбабвэгийн нэг хүнд ногдох орлогын хэмжээ нь тусулсыг 1980ондтусгаар тогтнолоө олсон үеийнхээс хоёр дахин бага байжээ. Мэдээж тун хачирхмаар сонсогдож байгаа ч энэ нь Зимбабвэгийн ард иргэдийн амьжиргааны төвшин доройтож эхэлсэн хэрэг биш байв. Тус улс бараг мөхөн доройтож, төр үндсэн үйлчилгээгээ ч үзүүлэх аргагүй болжээ.
 
2008 оноос 2009 оны хооронд эрүүл мэндийн систем ихээхэн муудсан нь улс орон даяар холер өвчин тархахад хүргэсэн байна. 2010 оны нэгдүгээр сарын 10-ны байдлаар холер өвчний 98.741 тохиолдол бүртгэгдэж, 4.293 хүн нас барсан нь Африк даяар сүүлийн 15 жилд гараагүй амь насанд халтай тархалт болсон аж. Үүний зэрэгцээ, ажилгүй иргэдийн тоо урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрсэн байдаг. 2009 оны эхээр НҮБ-ын Хүмүүнлэгийн хэргийг зохицуулах алба ажилгүйдлийн төвшин 94 хувьд хүрснийг зарласан байна.
 
Зимбабвэ 1980 онд тусгаар тогтнолоо олох үед туйлын зүй бус бүтэцтэй улс төрийн болон эдийн засгийн институцийг “залгамжлан авчээ”. Эхний 15 жилд институцийг өөрчлөх ямар ч алхам хийгээгүй юм. Цаг өнгөрөх тусам институциуд улам зүй бус бүтэцтэй болж, Зимбабвэ улсын орлого буурсаар байв. Зимбабвэд бий болсон эдийн засгийн болон улс төрийн сүйрэл бол олигархийн төмөр хуулийн бас нэг тод илрэл байв. Гэхдээ энэ тохиолдолд Ян Смитийн мөлжсөн хавчин гадуурхсан дэглэмииг Роберт Мугабегийн авлигад автсан дэглэм залгамжилжээ.
 
Энэ мэтчилэн улс орнуудын уналт, доройтлын шалтгааныг тодорхой жишээ баримттайгаар дүрслэн гаргасан “Улс үндэстний уналт, доройтлын шалтгаан" номыг Дарон Ажэмолу, Жейм А.Робинсон нар бичиж Нью Йорк таймс, Волл стрийтжурнал сэтгүүлийн бэстсэллэр бүтээл болж байлаа.
 
Уг номын зохиолч Жэймс А.Робинсон энэ сарын 11-нд уншигч олонд лекц уншихаар болсон нь Монголчууд бид нарт дүгнэлт хийх, өнөөгийн хүрсэн ололт амжилтаа бэхжүүлж бусад орны гаргасан алдаанаас сургамж авч, алсын хараатай бодлого боловсруулж хэрэгжүүлэх боломжийг олгож байгааг энэхүү нийтлэлээрээ уламжилъя.
 
Д.Оюунчимэг 
Эх сурвалж. “Зууны мэдээ” сонин