sonin.mn
Сонгууль болоход хэдхэн хоног үлдээд байхад гуравдагч хүчин гэгдэж байсан ХҮНамын дарга Т.Ганболдын хийсэн үйлдэл олны анхаарлыг татаж байна.
 
Тэрээр өнгөрсөн даваа гаригт Сонгуулийн ерөнхий хороонд явуулсан бичигтээ ХҮНам 2016 оны сонгуулиар Ардчилсан намыг дэмжиж оролцохоор болсноо илэрхийлсэн нь олныг гайхшируулсан билээ. Ойрын үед улс төрийн хүрээнд өрнөж буй нөхцөл байдлын талаар түүнтэй ярилцлаа. 
 
-Та яагаад ийм бичиг Сонгуулийн ерөнхий хороонд өгөх болов?
 
- Манай намаас нэр дэвшихээр ярьцгааж байсан бүх хүмүүс бие дааж нэр дэвшихээр аль эрт Сонгуулийн ерөнхий хороонд хандсан байна лээ. Ганбаатар бид хоёроос бусад нь гэсэн үг. Энэ үйлдэл нь манай нам эдгээр хүмүүст зүгээр нэг нэр, томъёоны хэрэглүүр байж дээ гэдгийг маш тодорхой харууллаа. Хоёрдугаарт, ийм өчүүхэн сэтгэлтэй. Ярьдаг, чаддаг нь тэнгэр газар шиг зөрдөг, амьдралд таван хүн тэжээж үзээгүй, эрсдэл, хөдөлмөр, эр зориг, тэвчээр гэсэн ойлголтуудыг кино, зохиолд л байдаг гэж ойлгодог хүмүүс гэдгийг харууллаа. Ийм хүмүүс яагаад ч улс төрд байж болохгүй! Хүн биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг байх аа. Биеэ засч чадаагүй хүмүүс төр засна гэж байгаа нь хялбар амьдрал хайсан өөдгүй хүний л арга.
 
-Танай дарга яг хэн юм бэ?
 
-Энэ намыг санаачилсан, үүсгэн байгуулсан хүн нь С.Ганбаатар. Үйл ажиллагааг нь санхүүжүүлж яваа нь би. Намайг даргаар сонгосон. Гэхдээ Улсын дээд шүүх дээр бүртгүүлэх гэтэл манай хэдэн нөхдүүд С.Ганбаатарыг удаа дараа унагаадаг шиг л давхар "Найдалмаа" гэж нэр өгч хорлож байв. Тэгэхээр нэгдүгээр сард бүртгэлтэй байсан гэдгээрээ "Боргилмаа" баярлаж гүйж байгаа нь тэр л дээ... Нам удирдаж зардлыг нь дааж авч явах нь битгий хэл өөрийгөө хагас дутуу тэжээж, өдөртөө нэг урваж шарвадаг байж яасан ч том шунал, хийрхэл, хоосон амбиц вэ?!
 
-Та Боргилмаа гэв үү?!
 
- Уучлаарай. Гэхдээ ч манай намд нэрнийхээ хойно утга үйлдлээрээ "маа" залгамаар хэд хэдэн нөхдүүд байна аа... Улс оронд ийм хүмүүс нь их болсноос өнөөгийн энэ бүх бэрхшээл, хүндрэлүүд бий болоод байгаа юм шүү дээ. Хөдөлмөр хүнийг бий болгодог гэж Ч.Дарвин хэлсэн. Хөдөлмөр хүнийг хүмүүжүүлдэг гэж К.Маркс хэлдэг. Сайн ажиллаж хөдөлмөрлөх л хэрэгтэй байгаа юм даа, уг нь.
 
-С.Ганбаатар гишүүн та хоёр ямар харилцаатай байгаа вэ. Нэр хүнд нь ч унасан байх?
 
- Нэгдүгээрт, С.Ганбаатар улсын хэмжээнд аль ч намын судалгаагаар рейтингээрээ эхэнд байна. Хоёрт, энэ хүн амьдралын төлөө ядарч, өлсөж, гуйлгачилж төрийн сангийн тэтгэлэггүй явсан ядуу нэрэлхүү л монгол эр. Гэхдээ энэ сэтгэлгүй хоосон сэхээтнүүдийн хажууд жинхэнэ эх орончоор боловсорсон хүн!
 
-Та сонгуульд нэр дэвших үү?
 
-Би дэвшихгүй. Одоогийн тогтолцоо  нэг хувийн зөрүүгээр бүтэн хаягддаг буюу жижиг намуудад ямар ч боломжгүй нөхцөл. Уг нь холимог нь байсан бол ганц мажоритарыг нь баталгаажуулж өгч, жагсаалтаар шинжлэх ухаанч, салбар салбарын тэргүүний сэхээтэн, судалгаа дүн шинжилгээний мэдлэгтэй хэдэн сайхан хүмүүсийг гаргах гэж байсан юм.
 
-Жижиг мажоритар чинь мөнгөтэй хүнд ээлтэй хувилбар биз дээ?
 
-Би тэнд ганцаараа юугаа хийх вэ дээ. Миний зорилго биш.
 
-Ярилцсанд баярлалаа.
 
 
 
Б.Саран