sonin.mn
 
ВАШИНГТОН. /VOA/. Бразилд “WhatsApp” аппликейшнийг 72 цагийн хугацаагаар хаах шийдвэрийг гаргажээ. Уг хориг орон нутгийн цагаар даваа гарагийн 14 цагт үйлчилж эхэлсэн байна.
 
 
Уг аппликейшнийг зохиосон “Facebook” компани нь гэмт хэргийг мөрдөн шалгахтай холбоотой мэдээллийг Бразилын Засгийн газарт өгөхөөс татгалзсан учир ийм шийдвэр гаргасан гэж тус улсын шүүгч Марсель Монталвао мэдэгдэв.
 
Энэ нь Бразилд “WhatsApp”-ийг түр хугацаагаар хаасан анхны тохиолдол биш юм. Өмнө нь өнгөрсөн оны 12 дугаар сард мөн дээрхтэй адил шалтгаанаар “WhatsApp”-ыг хоёр өдрийн хугацаагаар хаахаар шийдвэрлэсэн боловч 12 цагийн дараа буцаан нээсэн байна.
 
Үүнтэй холбогдуулан “Facebook”-ийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг хэлэхдээ “энэ нь Бразилын хувьд гуниг зарласан өдөр байсан” гэж мэдэгдэж байжээ.
“WhatsApp”-ыг бразилчууд өргөнөөр ашиглагддаг бөгөөд тус улсад ашиглагдаж буй нийт гар утасны 90 хувьд нь буюу 100 сая орчим гар утсанд уг аппликейшнийг суулгасан байна.
 
Д.Нямтулга

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг