sonin.mn
Жүжигчин Б.Амарсайханы “Би юу хийчих вэ ?!” бичлэг МАН-ын уурыг хүргэж уушгийг сагсайлгажээ. Ингээд жүжигчин Б.Амарсайханыг СБ дүүргийн Цагдаагийн хэлтэс өгч, “Херо” интертайментыг бас шүүхэд өгчээ. Хоёулаа МАН-ын “нэр төрд” халдсан гэнэ.

Өмгөөлөгч Б.Батбаяр хэмээх толгой нь хамуурсан эргүү новш: “жүжигчин Амраагийн энэхүү үйлдэл нь “сонгуулийг будилаантуулж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн санаа зорилгыг агуулж, ард олны амгалан тайван байдлыг алдагдуулж, айдас хүйдэст автуулан, оюун санааны хүчирхийлэл үйлдэх аргаар санаа бодлыг хувирган тогтворгүй болгох” гэмт хэргийн шинж агуулсан” гэж дүгнээд Эрүүгийн хуулийн 82-д заасанчлан “сонгуулийн хуулийг будилаантуулж, сонгогчдын эрхэнд халдах” нь өөрөө 16-20 жилийн ялтай онц хүнд гэмт хэрэг хэмээн сүржигнэв. Энэ тухай өгүүлсү…
 
МАН-ын нэр төрөө аль хэдийн худалдсан 
“МАН-д ямар ч нэр төр байхгүй”, “МАН-д ямар ч нэр төрийн хэрэг байдаггүй” гэдгийг би өмнө нь олон удаа нотолсон, одоо ч, цаашдаа ч дахин нотлох болно. Үүн шиг амархан юм гэж үгүй…

Одооны МАН бол пиг дүүрэн худалдаачин наймаачин. Гэхдээ энэ бол “эдийн засагч” гэсэн үг биш л дээ. Харин улс төр, нийгэм, түүх, үндэсний эрх ашгаа мэддэг нь ганц ч байхгүй. Ийм учраас МАН-ынхан бүгдээрээ усан тэнэг болж таарч байгаа юм.

1921 оны Ардын Хувьсгалыг тусгаар тогтнолыг устгасан төрийн эргэлт гэв. МАН дув дуугай. Анхны Үндсэн Хууль баталж, Бүгд Найрамдах Улс байгуулсныг хууль бус гэв. МАН дув дуугай. Хамжлагын харилцааг халж, олон зууны хоцрогдлоос ангижирсныг “уламжлалыг” устгасан гэв. МАН дув дуугай. Шинэ нийгмийг цоо шинээр эхэлж, бүтээн байгуулсныг колонийн дарлалд оруулсан гэв. МАН бас л дуугай.

Энэ мэтчилэн түүхэн зүтгэлтнүүдээс эхлээд МАН-тай холбоотой бүх ололт амжилтыг устгаж, үгүйсгэж байгааг монголчууд мэдэж байгаа. Ингэж МАН-ын бүх түүхийг эхэлж устаад, одоо МАН-ыг өөрийг нь устгах үзэл суртал, зохион байгуулалтын ажил эхэлж байна. Гэтэл МАН ус балгасан мэт…
Ингэж үхээнц царайлж, үхсэн амьд нь мэдэгдэхгүй байх юм бол ямар элэнцгээ хийж МАН нэрийг авсан юм. Түүхээсээ саллаа л бол нийгэм, ард түмэнтэйгээ холбогдох үзэл санаа, оюун сэтгэхүй, түүх, иргэншлийн бүх холбоо тасардаг юм. Одоо бол тасардгаа аль хэдийн тасарчихаад байна.

Нөгөөдүүл нь бүр даврав. Тусгаар тогтнолын бэлэгдэл Лениний хөшөөг нураав. МАН дув дуугай. Лениний музейг булаан авав. Энэн дээр харин МАН-ынхан заргалдав. Яагаад гэвэл өмч хөрөнгө учраас. Хэрэв биш байсан бол МАН-ынхан бас л таг дуугай байх байсан нь эргэлзээгүй. Өөрсдөө Лениний музейг худалдаа, арилжааны газар болгож, хөсөр хаясан номон дээгүүр гишгэлэн явдаг адгийн шаарууд биз дээ. Боловсролгүй, эрдэм номгүй, харанхуй мунхаг хүмүүсийн гай энэ. Дараа нь Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөв. МАН гишүүдийнхээ шаардлагаар сулхан шиг дуугарав.

Телевиз радио зэрэг нийтийн мэдээллийн хэрэгслийг бол бүх ярих юм биш. Тэнд бол МАН бол алуурчин, талуурчин, хүний махан хүнстэнгүүд, эвдэн сүйтгэгчид, мангас. Удахгүй хүүхдүүдээ МАН-МАНГАС гэж айлгана биз…

Энэ мэтээр МАН байр суурь, нэр хүнд, түүх, өв соёл, үзэл санаа зэрэг хамаг нандин зүйлсээ дэс дараалан, алхам алхмаар алдаж байна. Удахгүй МАН-ын “толгойг авахад” дув дуугай байх юм байна л даа…

Би МАН-ын одоогийн эрх баригчдын “толгойг” хайрлаад байгаа юм биш. Тэгээд ч одоогийн МАН-ын удирдлагад “гарзтай толгой” ямар байгаа биш. Харин Монголын нийгмийн дэвшилд гайхамшигт түүх бүтээсэн МАН-ын нэр, нэр төр, түүний олон мянган гишүүдийн нэр төр, сэтгэл зүтгэл л хайран байна…
Нийгмийн ганц ч онол мэдэхгүй, монголын болон дэлхийн онол-түүхийн ганц ч ном уншаагүй, оюун сэтгэлгээний хувьд өмхийрчихсөн, дан ганц худалдаа наймаанаас өөрийг үл мэдэх МАН-ын хэдэн олигархи, түүнийг дагаж далдаганагчдын хүрч болох үр дүн энэ. Тэд одоо ч гэсэн худалдаа наймаагаа “эдийн засаг” гэж нэрлэчихээд хэдэн “тоо моохон” хэлээд сууж байна.

Ийм тэнэг юмаа улс төр гэж МАН-ынхан л боддог байх. Нэр төрөө хайрлахгүй хүн ч, нам ч сөнөх тавилантай. МАН нэр төрөө хайрлаж хамгаалж чаддаггүй, бас чадахгүй. Энэ нь үзэл санаа, үзэл суртлын салбарт өдөр болгон нармийтлаа шаалгуулж, хэлээ унжуулан, үхлүүт хэвтэж байгаагаар илт харагдаж байна. Тэгээд муугаа мэдэхгүй пиар миар гэж их солиорно оо…
МАН түүхэн зүтгэлтнүүдийн нэр төр

АН-ынхан хамгийн эхлээд МАН-ын түүхэн зүтгэлтнүүдийг “алав”. Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал гээд бүгдийг нь гутаан доромжилж, хүн авахын танаггүй шороотой хутгав.

Үүний өөдөөс МАН юу хийсэн юм ?! Юу ч хийгээгүй. Харин ч шившгээ хутгасан. Эхний үед тал талын шахалт ирээд хэцүү байсан гэж бодоход дараа нь сэхээ ороод алдаагаа засах боломж бүрэн байсан. Гэтэл тэгээгүй, зүгээр л мартаж орхисон.

Үр дүн нь гайхамшигтай: Одоо МАН-д нэр төртэй буюу нэр цэвэр нам төрийн зүтгэлтэн ганц ч байхгүй. Хувьсгал, нийгмийн дэвшил, бүтээн байгуулалтын түүхийг бүтээсэн зүтгэлтнүүдийн бүхэл бүтэн үеийг харлуулж, хог дээр хаяв.

Намын дарга нар гэхэд л С.Данзан, Д.Бодоо, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх, сүүлийн үеэс Г.Очирбат, Б.Даш-Ёндон, Н.Багабанди, Н.Энхбаяр, М.Энхболд, С.Баяр гээд нэр цэвэр хүн үзээд өгье гэсэн ч байхгүй…

МАН түүхэн зүтгэлтнүүдээ хэзээ ч хайрлаж байгаагүй. Ж.Батмөнх агсны тухайд гэвэл МАН тэрхүү түүхэн зүтгэлтэндээ “цэвэрлэгчийн” тэтгэвэр өгч, гудамжинд гаргаж мартчихаад үхээд удсан хойно нь, чингэхдээ бүр сонгуулийн өмнө ганц уран сайхны кино хийж “магтах” бол үнэндээ бол доромжлол юм. МАН-ын Улс төрийн Товчооны гишүүн П.Дамдин мэтийн өвгөчүүд ганц нэг шүүмжлэл хэлэхэд нь хурлын танхимаас “сугадаад” хөөгөөд гаргачихдаг адгийн шаарууд бол МАН-ынхан.
Гэтэл хаа хамаагүй шахам УИХ-ын гишүүн Г.Уянга гэхэд л МАН-ын ихэнхи ахмадуудтай гэрт нь очиж уулздаг, ярилцдаг, зөвлөгөө авдаг юм шүү дээ…
Хэн нь ёс суртахуунтай, хэн нь нэр төртэй байгааг эндээс амархан харж, ялгаж салгаж болно.
Жинхэнэ нэр төр гэдэг бол…

Гэтэл өнөөдөр МАН гэв гэнэт “нэр төр” гэж ярих болж, улмаар “нэр төрд халдсан” гэж хүмүүсийг шүүхэд өгдөг “ажилтай” болов. Гэтэл өмнө нь дээр дурдсан маягаар МАН-ын нэр төрд халдаж, тэрийг нь шороотой хутгаж байхад “юм хийх” нь яасийм ?! Эсвэл МАН “нэр төр”-өө зөвхөн сонгуулийн өмнө л санадаг, бусад үед нь мартдаг балай өвчин тусч байгаа юм уу ?!

Жинхэнэ нэр төр бол өндөр дээд ёс суртахуун, бусдад нөлөөлөн дагуулах чадвар, мөн бусдын өмнө хүлээх хариуцлагаас тогтдог юм. МАН-д энэ бүхнээс юу ч байхгүй, иймээс МАН-д ямар ч нэр төр байхгүй, түүнд ямар ч нэр төр хэрэггүй гэдгийг би олон удаа нотолж, сануулж ирсэн. 
Миний бичсэн “Намын нэр төр” (2014.01.05.), “Намын удирдлагын нэр хүнд” (2014.01.08) өгүүллүүдийн уншихад энэ бүхэн тов тодорхой болно. Энэ өгүүллүүд одоо ч миний ganaa.mn блогт бий.

МАН-ын өнөөгийн удирдагчдаас нэг ч хүн энэ олон жилийн туршид намын ёс суртахуун, нэр төрийн талаар юу ч хэлж байгаагүй байхад би ганцаараа энэ талаар маш олон өгүүлэл бичсэн. Ийм учраас би МАН-ын нэр төрийг түүний өнөөгийн аль ч удирдагчаас “илүү хамгаалдаг” гэж нүүр бардам хэлж чадна. 
Одоо МАН-ын “нэр төр” ямар байгаа зарим баримт дурдая. Сануулж хэлэхэд ийм баримт “үй түм” учраас бүгдийг нь бичвэл олон боть ном болно. Иймээс би “зарим” баримт гээд байгаа юм.
Мөн би Монголын анхны авилгын хэрэгт холбогдсон Н.Энхбаярын “Казино-гийн хэрэг, Гаалийн Х.Баатар нарын улирч одсон үй түмэн балиар заваан хэргүүдийг ярих гээгүй байна. Би энэ талаар “маш дэлгэрэнгүй” ярьж чадах хэдий ч саяхны буюу одоогийн хэргүүдээс “заримыг” нь хөндвөл илүү “ойлгомжтой” гэж бодож байна. 

МАН-ын дарга, Ерөнхий сайд асан С.Баярын гадаадад буй 7 хаустай холбоотой асуудал байна. Саяхан ажлаасаа чөлөөлөгдсөн, АТГ-ын дарга асан Н.Ганболд: “С.Баяртай холбоотой асуудлыг шууд энд задлаад ярихад хэцүү байна л даа. Тэнд өмч хөрөнгийн эзэн хэн бэ гэвэл тодорхой хүмүүсийн нэр устай, тэр гадаад улсынхаа бүртгэл тооцоогоор орчихсон байгаа. Ил юм билээ. Бид шалгаад прокурорынхонтой ярьсан. Тэд харин “Наад хэрэг чинь цааш явахгүй юм байна аа” гэж хэлсэн. Ийм л зүйл болсон. Материал бол архивт байгаа. Тодорхой нөхцөл байдал үүссэний дараа яаж ч эргэж болно” хэмээн тайлбарлаж байна. Материал бол архивт байгаа. Тодорхой нөхцөл байдал үүссэний дараа яаж ч эргэж болно…

Намын дарга, Ерөнхий сайд байсан гол хүн нь авилгын хэрэгт сэжиглэгдээд байхад МАН албан ёсны буюу улс төрийн ямар ч тайлбар дүгнэлт хийхгүй хэлгүй дүлий мэт сууж байна. Энэ нь МАН-ын “нэр төр” юм уу ?! 

УИХ-ын гишүүн, тэр тусмаа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга дэд дарга асан Д.Дондог гэхэд авилгын хэрэгт холбогдон өөрөө шоронд суухаас гадна араасаа 10 гаруй хүн “чирчихэж” байна. Тэр 10 гаруй хүмүүсийн олонхи МАН-ын гишүүд байсан нь мэдээж хэрэг. Д.Дондогийн болон түүнд чирэгдсэн 10 гаруй хувь заяа МАН-ын нэр төртэй холбоогүй гэж үү ? Би бол хамгийн их холбоотой гэж бодож байна.  Д. Дондогийг өнөөгийн УИХ-ын гишүүн Нямаагийн Энхболд “огт танихгүй” гэж нотолж чадахгүй л байх… 

Улаанбаатар хотын мэр, хотын намын хорооны дарга, УИХ-ын гишүүн асан, “алимаа” Батбаяр (2,1 жил) болон Нийслэлийн ИТХ-ын дарга асан Т.Билэгтийн (2,6 жил) хэрэг байна. Бас л МАН-ын гишүүн 10 орчим хүнийг араасаа чирчихэж байгаа юм. Энэ МАН-д огт хамаагүй хэрэг үү ?! Ингэхэд жирийн нэг “гал сөнөөгч”, улаан хацартай хөдөөний баагийг анх хэн улс төрд чирж оруулсан юм ?! 

Мөн Орхон аймгийн Ц.Оюунбат, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болд, Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр болон ИТХ-ын дарга Д.Батсайхан, Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэр, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнх, Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаяр, Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа, Архангай аймгийн засаг дарга Ё.Баатарбилэг гээд энэ жагсаалт их урт үргэлжилнэ. Нийт 18 аймгийн засаг дарга гэмт хэрэгт холбогдсон юмдаг.

Энэ хөгийн, арчаагүй, жигшүүртэй атлаа өрөвдөлтэй жишээг цааш нь бараг “хязгааргүй” үргэлжлүүлж болно. Гэхдээ залхуу хүрч байна. Энэ мэтчилэн МАН-ын Бага Хурлын гишүүн, засаг дарга, ИТХ-ын дарга, яам агентлагийн дарга асан 67 хүн гэмт хэрэгт холбогдож, нэлээд нь шоронд ял эдэлсэн буюу эдэлж байна.
 
Энэ чинь МАН-ын Бага Хурлын нэг удаагийн нийт бүрэлдэхүүний 22 хувь буюу тавны нэгээс илүү шүү дээ. Ийм учраас МАН-ыг гэмт хэрэгтний буюу болзошгүй гэмт хэрэгтний нам хэмээн нэрлэх бүрэн үндэслэлтэй.
Адгийн гэгдэх хулгайч дээрэмчид хүртэл “аавынд суусан” нэгнийхээ төлөө явж, ядахдаа ар гэрийг нь “даадаг” атал МАН гишүүнээ шоронд үхэж байхад хүртэл хөсөр хаядаг чинь худлаа юу ?! 

Үүнээс улбаалан МАН-ын намын нэр хүнд олон түмний дотор навс унаж байгааг бүх төрлийн судалгаа хэлбэрэлтгүй нотолж байна.
Гэтэл өнөөдөр юу вэ ?! Бухимдсан жүжигчин залуу “нэг шүлэг” уншчихсан чинь МАН “нэр төр” энэ тэрээ гэж сүйд болж гэнэ. Хуцваа л байхгүй юу…
Өөрөө нэр төртэй байж бусдаас нэр төр шаарддаг болохоос жорлонд унасан “нэр төрийг” хамгаалах гэж тэнэгтдэггүй л байхгүй юу ?! МАН “нэр төр” бол үхсэн баас мөн…
Ингэж хэллээ гээд хоншоор чинь хүрээд чаддаг юм бол МАН надаас “нэр төрөө” шаардаж болно ш дээ…

Судлаач Х.Д.Ганхуяг.
2016 оны 05 дугаар сарын 03.
 
Эх сурвалж: ganaa.mn блог
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блогganaa.mn - ээс уншина уу