sonin.mn
 
Бүгд найрамдах­чуудын олон улсын хүрээ­лэн болон Нийгмийн бодлого хөгжлийн судалгааны хүрээлэн хамтран Канад улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр олон нийтийн санал бодлын тандалт судалгаа хийснээ өчигдөр танилцууллаа. 
 
 
Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн нь ээлжит сонгууль бүрийн өмнө сонгуулийн үйл яв­цыг дэмжих ажлыг гүй­цэтгэж ирсэн нам бус, ашгийн бус байгууллага юм. 
 
 
Дээрх тандалт судал­гааг гуравдугаар сарын 1-15-ны хооронд нийслэл болон 13 аймгийн 5000 хүний дунд хийсэн гэдгийг Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн суурин төлөөлөгч Ашлэй Вэйлэн танилцуулав. Уг судалгаанд 18-аас дээш насны санал өгөх чадамжтай иргэдийг санамсаргүй түүврийн аргаар сонгож, биечлэн ярилцаж судалгааг хийжээ.
 
Мөн улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал улам хүнд болсон хэмээн судалгаанд оролцогчдын дийлэнх үзсэн гэдгийг онцолсон. Тухайлбал, оролцогчдын 61 хувь нь Монгол Улсын хөгжил “буруу чиглэлд” явж байна гэсэн бол 92 хувь нь эдийн засгийн нөхцөл байдлыг муу, маш муу гэж дүгнэжээ. Түүнчлэн судалгаанд оролцогчдын 48 хувь нь манайд нүүрлээд буй хамгийн том асуудал нь ажилгүйдэл гэж үзсэн байна.
 
Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хувьд ч иргэд таагүй үнэлэлт өгсөн байна. Судалгаанд оролцогчдын 83 хувь нь одоогийн Засгийн газрыг маш муу ажиллаж байна гэжээ. Ийм сөрөг үзүүлэлтийн зэрэгцээ монголчуудын дийлэнх хувь нь улс төрийн намууд урт хугацаанд тогтвортой ажиллаж Засгийн газрыг дэмжих, 2016 оны сонгуулийн дараа ч идэвхтэй ажиллах ёстой гэдэгт санал нэгджээ. Товчхондоо, энэ судалгаагаар ажилгүйдэл, үнийн өсөлт, Засгийн газрын тогтворгүй байд­лаас болж Монгол Улсын иргэдийн дунд гутранги үзэл нэмэгдэж байгааг тодорхойлсон байна.
 
 
Роберт Карпентер: ЗАСГИЙН ГАЗАР АВЛИГАТАЙ ТЭМЦЭЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ГЭЖ ДҮГНЭСЭН
 
Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Санал асуулга, судалгааны төвийн мэргэжилтэн Роберт Карпентерээс судалгааны талаар зарим зүйлийг тодруулсан юм.
 
-Судалгаа нь манай улсын нийт сонгуулийн насны хүмүүсийн саналыг бүрэн  тусгаж чадсан болов уу?
 
-Бидний хийсэн судалгаагаар Монголын хүн амын дийлэнх хэсгийг төлөөлсөн дуу хоолой илэрхийлэгдэж чадсан гэж болно. Хүйсийн хувьд 52 хувь нь эмэгтэй, 48 хувь нь эрэгтэйчүүд байсан. Судалгааны дүнг 2011 оныхтой харьцуулахад хүн амын дийлэнх хэсэг нь улс орон зөв чиглэлээр явж байгаа гэдэгт эргэлзэж байгаа нь харагдсан. Иргэдийн итгэл нэлээд алдарсан байна. Монгол Улс буруу чиглэл рүү явж байгаагийн гол шалтгаан нь эдийн засгийн тогтворгүй байдал, гадаадын хөрөнгө оруулалтаас хэт их хамаарч байгаа гэж үзсэн.
 
-Авлига, хээл хахуулийн хувьд ч сайнгүй дүн гарсан байна?
 
-Судалгаанд оролцогчдын 75 хувь нь авлигыг хамгийн тулгамдсан асуудлын нэг гэж нэрлэсэн. Мөн хээл хахуулийн асуудлыг шийдэхийн тулд дорвитой ажил хийхийг илэрхийлсэн. Тодруулбал, иргэд Засгийн газраас авлигатай тэмцэхэд хангалттай арга хэмжээ авч хэрэгжүүлж чадахгүй байна гэж үзсэн. Сонгуульд идэвхтэй санал өгснөөр ирээдүйд шийдвэр гаргах шатанд дуу хоолойгоо хүргэж, амьдрал, амьжиргаагаа сайжруулна гэсэн итгэл байгаа нь ажиглагдсан.
 
-Сонгогчид энэ удаагийн сонгуульд идэвхтэй оролцоно гэснийг тодруулахгүй юу?
 
- Ямартай ч иргэдийн сонгуульд оролцох идэвх өндөр гарсан. Судалгаанд оролцогчдын 66 хувь нь саналаа өгч оролцосноороо шийдвэр гаргах үйл явцад нөлөөлж чадна гэсэн хариулт өгсөн байгаа. Ингэж хариулсан үзүүлэлт нь өндөр байгаа ураас ерөнхийдөө сонгуулийн насны хүмүүсийн 82 хувь нь сонгуульд оролцоно гэдэгт нэг их гайхаад байх зүйлгүй гэж болно. Мөн судалгаанд оролцогчдын дийлэнх нь сонгуулиар эмэгтэй нэр дэвшигчдийг түлхүү дэмжинэ гэдгээ илэрхийлсэн.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин