sonin.mn
“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг орон бүрийн сэтгүүлчид  “Мэдээлэлтэй байх эрх, язгуур эрх чөлөө. Энэ бол таны эрх” уриан дор өчигдөр тэмдэглэн өнгөрүүллээ. 
 
Энэ өдрийг Монголын сэтгүүлчид ч бас үйл явдлаар дүүрэн тэмдэглэв. Дэлхийн  улс орнуудад хэвлэлийн эрх чөлөөт байдлыг “бүрэн эрх чөлөөтэй”, “хагас эрх чөлөөтэй”, “эрх чөлөөгүй” гэж гурав хуваадаг бол  манай улсын хувьд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь  хагас эрх чөлөөтэй орны тоонд багтдаг болоод удаж байгаа билээ. Тиймээс 100 гаруй жилийн түүхтэй  Монголын сэтгүүлзүйн салбарынхан хагас эрх чөлөөт байдлаа бүтэн болгохын тулд  энэ өдрийг угтан гадаад дотоодын төлөөллөөс бүрдсэн олон арга хэмжээг зохион байгуулав. Үүний нэг нь Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд зохион байгуулсан дугуй ширээний ярилцлага, уулзалт хэлэлцүүлэг байв.
 
Хэлэлцүүлэгт ЮНЕСКО-гийн  Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал, доктор Мариелза Оливейра, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид,  “Глоб интернэшнл төв”-ийн тэргүүн Х.Наранжаргал, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Н.Энхболд нар болон Монголын сэтгүүл зүйн салбарынхнаас бүрдсэн 200 гаруй хүн оролцов. Мөн энэ үеэр Глоб интернэшнл төв 2015 оны хэвлэлийн эрх чөлөөний “Үнэний төлөө” шагналыг “Mongolian Mining Journal” сэтгүүлийн эрхлэгч, эрэн сурвалжлах сэтгүүлч Л.Болормаа агсанд нэхэн олголоо.
 
МОНГОЛД ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ХУМИГДСААР  БАЙНА
 
 
Дугуй ширээний ярилцлагыг нээж, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Мариелза Оливейра, НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Беате Транкманн нар үг хэлэв. 2016 оны дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр нь түүхэн гурван үйл явдалтай давхцаж байгаа аж.
 
Тухайлбал, одоогоос 250 жилийн өмнө дэлхийд мэдээллийн эрх чөлөөний анхны хууль батлагдаж, өнөөгийн Швед, Финлянд улсын газар нутагт дэлгэрч байсан байна. Мөн хэвлэлийн эрх чөлөөний зарчмын талаарх Виндхукийн тунхаглал багтлагдсаны 25 жилийн ой тохиож байгаа аж. Түүнчлэн эх дэлхийгээ хайрлан хамгаалах, ядуурлыг таслан зогсоох зорилго бүхий тогтвортой хөгжлийн төлөөх шинэ зорилтуудыг ирэх 15 жилд хэрэгжүүлэх шинэ мөчлөг 2016 оноос эхэлж байна гэдгийг албаныхан хэлж байв.
 
Иймд дугуй ширээний ярилцлагад Хонконгийн их сургуулийн сэтгүүлзүй, хэвлэл мэдээлэл судлалын төвийн захирал профессор Чан, Японы “Kuodo news” мэдээллийн агентлагийн сурвалжлагч Шин Хара, БНСУ-ын хэвлэл мэдээллийн ажилтнуудын үндэсний холбооны ажилтан Люк Кюн Ким  нар ЮНЕСКО-гоос 2016 онд дэвшүүлсэн сэдвийн дагуу өөр өөрийн орны нөхцөл байдлын талаар хэвлэлийнхэнд танилцуулсан юм.  Глоб интернэшнл төвөөс ч бас өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улсын хэвлэл мэдээллийн хууль эрх зүйн орчинд гарсан өөрчлөлтүүд болон хэвлэлийн эрх чөлөөний зөрчлийн талаарх тайлан мэдээг танилцуулсан юм.
 
“ДӨРӨВ ДЭХ ЗАСАГЛАЛ”-ЫНХАН ДАРАМТ ШАХАЛТ ДУНД АЖИЛЛАДАГ
 
“Глоб интернэшнл” ТББ-ын бүртгэснээр 2015 онд сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх оролдлого хийх, дарамт шахалт үзүүлэх, сэтгүүлчийг айлган сүрдүүлэх, заналхийлэх, мэдээлэл олж авах, түгээхэд нь саад хийх, нууц эх сурвалжаа илчлэхийг албадах, хүчний байгууллагууд, улс төрч, төрийн байгууллагын албан тушаалтнууд, Эрүүгийн хуулийн зүйл заалтыг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн дуу хоолойг боомилох цензур болгон ашиглах зэрэг зөрчил байсаар байгааг нарийвчлан судалсан байв.
 
Тиймээс хэлэлцүүлэгт оролцогчид  Монголд хэвлэлийн эрх чөлөөг бүтэн  болгохын тулд хамгийн түрүүнд   хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ёстой.  Хэвлэлийн эрх чөлөөг хуулиар баталгаажуулах ёстой. Монголд хэвлэлийн эрх чөлөө хууль эрх зүйн хувьд тодорхой хэмжээгээр баталгаажсан байдаг ч  уг хууль амьдралд үйлчилж чадахгүй байна. Учир нь төрийн албаны байгууллагуудын хүнд суртал, хаалттай, мэдлэггүй байдал нь  үүнд маш их саад болж байна гэдгийг хэлэлцэв. Мөн  олон арван сэтгүүлчдийн  мэдээлэл олж авах эрх нь төдийлөн нээлттэй биш байгааг судалгаагаар нотолж, холбогдох тайлан мэдээг гаргажээ. 
 
Харин ололттой тал нь, 2015 оны арванхоёрдугаар сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, 2016 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөхөөр болсон. Энэхүү Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар доромжлох зүйлийг хүчингүй болгож, гүтгэх үйлдлийг бүрмөсөн халаагүй ч, Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэхээр болж байгаа нь нэг алхам болсон гэдгийг онцолж байв.
 
Б.Туул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин