sonin.mn
“Утасны анд” УДБЭТ-ын дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшинтэй холбогдлоо. Тэрээр “BBC” агентлагаас зохион байгуулсан “Cardiff singer of the world” олон улсын уралдаанаас үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн. 
 
Мөн БНХАУ-ын Бээжин хотноо болж буй Плачидо Домингогийн нэрэмжит дуурийн залуу дуучдын олон улсын уралдаанд Бээжин хотын Дуурийн их театрт Плачидо Домингогийн удирдсан симфони найрал хөгжимтэй дуулж тэргүүн байр эзэлж, эх орныхоо нэрийг дэлхийн дуурийн тайзнаа дуудуулж яваа нэгэн билээ.
 
-Хаврын сайхан өдрийн мэнд. Та уран бүтээлийн олз омог ихтэй байна уу?
 
-Энэ сарын 11-нд ДБЭТ-таа анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. Монголд анх удаа хийж байгаа тоглолтдоо дан сонгодог дуунууд болох монгол, итали, орос хэл дээр найман ари, таван романс дуулна. Тоглолтод УДБЭТ-ын найрал дуучид, симфони найрал хөгжим, ерөнхий концертмейстер, гавьяат жүжигчин Б.Солонго болон Итали улсын Ла Скала театрын удирдаач Стефано Салватори урилгаар ирж оролцоно. Миний дуунуудыг сонсох дуртай үзэгчдэд маань таалагдах байх.
 
Мөн өнгөрсөн сарын 29, 30-ны өдрүүдэд Ла Скала театрын удирдаач Стефано Салваторитой хамтран Миланы ойролцоох хоёр хотод бие даасан тоглолтоо амжилттай хийлээ.
 
-Ялалтын баярт зориулсан Орос, Монголын уран бүтээлчдийн хамтарсан тоглолтод та бас оролцоно биз дээ?
 
-Энэ сарын 9 буюу ялалтын баярын өдрөөр “Великая победа” нэртэй Орос, Монголын уран бүтээлчдийн хамтарсан маш сайхан тоглолт болох гэж байна. “Серж меценат” сангийн тэргүүн Х.Баярцэцэг эгч маань энэ тоглолтод оролцох санал тавихад нь дуртай хүлээж авсан. Би орос дуунууд тэр дундаа дайны үеийн уран бүтээлүүдийг сонсох дуртай ч өөрөө дуулж байгаагүй. Энэ тоглолтод анх удаа “Тёмная ночь” дууг дуулах болсондоо баяртай байна. Монголын болон Оросын олон сайхан уран бүтээлчид хамтран өвөрмөц, сэтгэл огшоосон сайхан тоглолт хийх гэж байна.
 
-Өөрийн уран бүтээлүүдээрээ цомог гаргах бодол байна уу?
 
-Ирэх намраас өөрийнхөө дуулдаг ари, романсуудаар цуврал цомог гаргах бодолтой байна.
 
-Танд сонгодгоос өөр төрөл жанраар дуулах бодол байдаг уу. Танаар уран бүтээлээ дуулуулах санал ирдэг үү?
 
-Санал ирдэг. Мэргэжлийн чиглэлээр дагнаж ажиллаж байгаа болохоор харьцангуй зав муутай байдаг. Тиймээс зарим саналыг хойшлуулчихаад байна. Гэхдээ уран бүтээлч хүний хувьд Монголынхоо сайхан дуунуудаас дуулах хүсэл бий.
 
-Гадны улс орнуудаас уралдаан тэмцээнд оролцооч, тоглолтоо хийгээч гэсэн урилга ирж байна уу?
 
-Ер нь энэ жилээс маш их ирж байна. Энэ сарын 11-нд Монголдоо бие даасан тоглолтоо хийчихээд 20-ноос хойш Англи улсад хоёр удаа тоглолт хийх урилга ирсэн. Дараа нь Германд ирэх аравдугаар сарын 9-нөөс эхлэн 2017 оны гуравдугаар сар хүртэл хийх ажлууд яригдаж байна.   
 
Х.Хатан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин