sonin.mn
“Хүүхдээ ямар хүн болгох вэ”, “Ямар мэргэжил тохирох бол”, “Энэ нийгэмд хамгийн эрэлттэй, ирээдүйтэй нь аль нь вэ” гэсэн асуулт олон хүнд тулгардаг. Тэгвэл бид мэргэжлийнхээ эзэн болж, салбартаа аль хэдийнэ амжилтын гараас атгасан “Үнэт”хүмүүсийн үгсийг цувралаар хүргэхээр боллоо. Эхний зочин бол Төрийн соёрхолт инженер Н.Нацагням юм.
 
-Мэргэжлээрээ амжилт олно гэдэг сонголтоо зөв хийсэнтэй салшгүй холбоотой. Та мэргэжлээ хэрхэн сонгосон бэ?
 
-Долдугаар ангид байхдаа өөрийгөө инженер болж чадна гэдгээ ойл госон. Учир нь Н.Раднаабазар багш физикийн хичээлийг гайхамшигтай сайн заасан. Түүнээс өмнөх багш физикийг тангад ном шиг холион бантан болгож зааж байсан юм билээ.
 
Хэрвээ тухайн үед тэр багш маань ирээгүй бол хэзээ ч физикийг ойлгохгүй, инженер болж чадахгүй байсан. Мөн инженерүүдийн дунд нэгэн нийтлэг зүйл ажиглагддаг. Юу гэхээр бүгд арван жилдээ сайн зодолддог, ядарсан нэгнийгээ хамгаалдаг атмаанууд байсан юм байна. Хэрвээ чи муу зодолддог бол муу эмч, муу инженер болно гэсэн үг. Энэ бол бодит түүх.
 
-Мэргэжлээрээ бахархах үе зөндөө бий. Таны мэргэжлийн хамгийн сайхан зүйл нь юу вэ?
 
-Инженер хүн баялаг бүтээдэг. Энэ бол бахархалтай зүйл. Үр өгөөж нь үр хүүхдэд нь сайнаар нөлөөлдөг. Харин улс төрчид бүгээсэн баялагийг сүйтгэж, бидний ажлын захиалгыг харийнханд тендерийн хуулиар өгч дундаас нь ашиг олдог дамын наймаачид. Энэ бол үйлийн үртэй бусар үйл хэрэг. Үйлийн үрийг үр хүүхдүүд нь гурван үеэрээ үүрч эдэлдэг. Тиймээс та бүхэн улстөрч биш инженер болоорой.
 
-Одоогийн нийгмийн байдал таны мэргэжлийг хэрхэн хүлээн авч, яаж үнэлж байна вэ?
 
-Төрийн эрхмүүд коммунист арга барилаар инженерийн яам байгуулж бидний зохион бүтээсэн hardware болон software-ийг гадаадаас импортлож байна. Төрийн худалдан авалтын 90 хувийг гаднаас нийлүүлж олон тэрбум ам.долларын ашиг олж үндэсний эдийн засгийг мөхөөж байгаа. Энэ үйлдэл толгойгоо шарж хоолоо олж иддэг инженер бид л хамгийн их хохирч байна.
 
-Та мэргэжлийнхээ ирээдүйг ямраар төсөөддөг вэ?
 
-Ирээдүй цагт сайн засаг гарч коммунист биш Итгэлт баяны дүрмээр салбартаа шалгарч, олон жил бүгээлээ туршсан эрхмүүдэд зах зээлийг нь өгч чадвал Монгол Улс автоматаар Азийн бар улс болно гэж боддог. Тэр үед инженерийн сарын цалин 3-10 сая төгрөг болно. Монополь зах зээлийн дүрмээр салбар бүрт баяныг тодруулан тэдэнд зах зээлийг даатгавал инженер мэргэжил хамгийн их эрэлт хэрэгцээтэй, өндөр үнэлгээтэй байх болно.
 
Т.Батсайхан
Эх сурвалж:"Зууны мэдээ" сонин