sonin.mn
УИХ-ын Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАХН-аас гарч, МАН-ын гишүүнээр элсэхээр болжээ. Үүнийгээ тэд ийн тайлбарлалаа.
 
УИХ-ын гишүүн Ч.Улаан:  Сонгуулийн системд өөрчлөлт орох нь ойлгомжтой болсон. Хүнээ сонгодог систем рүү явах нь тодорхой. Тойргууд дээр хүчтэй өрсөлдөөн болно. Энэ явцад улс төрийн намууд хүчээ нэгтгэх, сонгогчдын саналыг сарниулахгүй байх ажил хийж байна. Ямартай ч бид хоёр МАХН-аас гарах өргөдлөө намын дарга Н.Энхбаяртаа өгч буйгаа албан ёсоор зарлаж байна.Сонгуульд оролцож байгаа аливаа субъект амжилт гаргахын төлөө ордог. Амжилт гаргахын төлөө бүхий л боломжийг ашиглах учиртай.  Энэ удаа УИХ болон орон нутгийн сонгууль хамтдаа болно. Сүхбаатар аймгийн  МАН, МАХН-ын гишүүд  энэ сонгуульд нэг болж хамтран ажиллая гэдэг саналыг надад тавьсан. Саналаа хувааж сонгуульд амжилтгүй оролцож байх сургамжаа давтахгүй байя гэж олон удаа тавьж байсан. Сонгуульд нэг зорилго чиглэлтэй улс төрийн намууд хүчээ нэгтгэж, нэгдэж, хамтарч оролцох нь зүйтэй гэдэг байр суурин дээр би хатуу зогсож байгаа. Тийм учраас энэ бололцоог нээх үүднээс МАХН-аасаа гарч МАН-тай хамтарч ажиллахаар шийдлээ.
 
-Д.Тэрбишдагва: 2012 оны дөрөвдүгээр сард  хэлмэгдүүлэлт гэж айхтар асуудал болсон. 600 орчим цагдаагаар хүрээлүүлж, МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан. Монголд шударга зүйл байна уу, төрийн гурван өндөрлөгт байсан хүнээ баривчилж болохгүй гэсэн үүднээс бид хэлмэгдүүлэлтийн төлөө 4 жил зүтгэсэн.  Улс төрийн хүчнүүдийн төвлөрөл бий болж байгаа энэ үед МАН, МАХН хоёр сонгуульд хамтарч ажиллах ёстой гэсэн хатуу байр суурийг дөрвөн жил илэрхийлсэн. Хэвлэлийн ярилцага болгондоо хэлж байгаа. Тасарсан мах, үсэрсэн цус, бид. 99.9 хувь нь нэг үзэл бодолтой найзууд байдаг. МАН, МАХН-ын эвсэх асуудлыг зохион байгуулах Ч.Улаан, Ч.Хүрэлбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг онц сайн ажилласан. Ажлын хэсэг олон зүйл дээр тохирсны дотор МАХН-д өөрт нь ашигтай хэд хэдэн зүйлийг ажлын хэсгийн ахлагч Ч.Улаан тусгуулсан байлаа. 76 мандатын 25-ыг нь МАХН, 51-ийг нь МАН-аас байхаар тохирсон нь том үзүүлэлт.  Мөн УИХ-ын дарга Ерөнхий сайдын аль нэгийг нь сөөлжүүлж авна. Мөн эвслийн удирдах зөвлөлийг 50:50 хувийн харьцаатай заасан. Улс төрийн бүх хэлмэгдүүлэлтийг зогсоохын төлөө тууштай хамтран ажиллана. МАН, МАХН-ын аль нэг субъектийг сонгуульд оролцуулахгүй байх тохиолдолд хамтдаа тэмцэнэ гэсэн асуудал тус тус яригдсан боловч харамсалтай нь хэрэгжүүлж чадаагүй. Миний бие МАХН-ын бага чуулган дээр МАН, МАХН-ын дарга нар хамтдаа асуудлаа шийд гэсэн асуудал тавьсан.  Бага хурал, чуулганаа завсарлуулаад хоёр намын дарга нар уулзсан. Харамсалтай нь шинэ асуудлыг МАХН-ын дарга тавьсан гэж сонссон.  Энэ мэтчлэн хамгийн сайн хамтарч ажиллаж байсан МАН, МАХН сонгуульд эвсэж орж чадахгүй болсон нь намаасаа гарах нэг үндэслэл. Бид хоёр МАХН, МАН-ыг нэг улс төрийн хүчин болгохын төлөө ажиллана. 
 
Э.Мягмар